“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг батлав

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төсвийн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд тус Байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа уншиж танилцуулсан.

Тэрбээр, Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусгасан төслийн эцсийн хувилбарыг бэлтгэн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн бөгөөд хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Дэлхийн худалдааны байгууллагатай хийсэн хэлэлцээрийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах асуудалтай холбоотой заалт төсөлд нэмж тусгах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ хэмээн танилцуулав.

Тогтоолын төслийн 4 дэх заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг танилцуулсан бөгөөд энэ тогтоолын 3 дахь заалтад заасан барааны үндэсний кодыг 2020 оны 08 дугаар сарын 01-ний дотор батлах; “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Улсын Их Хурлаас эрх олгосны дагуу мөн тогтоолын хавсралтын 07 дугаар бүлэгт заасан хязгаарт багтаан барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоохоор тусгажээ. Мөн дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор Дэлхийн худалдааны байгууллагын "Хамгаалалтын арга хэмжээний хэлэлцээр"-т нийцүүлэн “Хамгаалалтын арга хэмжээний журам’’-ыг батлах, хэлэлцээрийн хүрээнд үйлчлэх импортын тоо хэмжээний хязгаар болон гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох.” хэмээн тусгажээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжин, тогтоолыг олонхын саналаар баталлаа.

 

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа

Мөн хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уншиж танилцуулав.

Төсвийн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед хуралдаан даргалагчаас төрийн аудитын байгууллагын төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Төсвийн тухай хуульд нийцүүлэн найруулгын хувьд дахин томьёолох чиглэл өгсөний дагуу дээрх асуудлаар санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн хэмээлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Үргэлжлүүлээд Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг батлав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)