АН тарах нь С.Эрдэнэ, З.Энхболд нарт хамаагүй
- 2020-05-05
- Улс төр
- 1

АН-ын дарга С.Эрдэнэ хэвлэлд ярилцлага өгчээ. Өөрийнхөө санаачилсан 100 саяын босгоо хамгаалах гэж баахан будилж. Хамгийн гол нь Үндсэн хууль болоод Сонгуулийн тухай хууль зөрчсөн талаар огт хүлээн зөвшөөрсөнгүй. Бас АТГ-аас шалгаж байгаа талаар ч ганц үг хэлсэнгүй. Тус намын лидер байсан хүмүүсээс гадна залуу гишүүд дэмжигчид нь “Хүний сонгох, сонгогдох эрхийг мөнгөөр хязгаарлаж болохгүй. Хууль тогтоох дээд байгууллага бол мөнгөтэй хүний л суудаг газар биш” гэж дургүйцлээ илэрхийлээд байгааг тусгаж авсан шинж огт алга.
Бусдынхаа үгийг сонсч, үзэл бодлыг нь хүндэтгэх нь ардчиллын гол амин сүнс биз дээ? Энэ өнцгөөс нь харвал АН болоод удирдлагууд нь ардчиллын үнэт зүйлээс хэтэрхий хол төөрсөн нь харагдаж байна.
“АН мөнгөний нам болчихлоо”, “ Үндэсний бодлогын хороог бэлэн мөнгөний АТМ болгож хувиргалаа”, “С.Эрдэнэ бүх нэр дэвшигчдийнхээ духан дээр “Төлбөртэй нэр дэвшив гэдэг хаяг хадчихлаа”, “АН гэр бүлийн нам болжээ”, “С.Эрдэнэ, З.Энхболд нар АН-ын үнэт зүйлийг дарангуйлал, мөнгө хоёроор солилоо” гэх зэрэг энэ олон шүүмж бол хэнд ч бодитой сонсогдож байгаа. Даанч удирдлагууд нь өөрийнхөө дайраад, өмнөөсөө өрвөлзсөн болгоныг хөөж дуусахаар шийдсэн нь С.Эрдэнийн ярианаас харагдлаа.
Өөр нь нэг том асуудал бол АН-ын хагарал юм. Үүнд С.Эрдэнэ дарга огт санаа зовохгүй байгаагаа “Бие даахаар шийдсэн Э.Бат-Үүл, Н.Алтанхуяг нарыг яаж зөвтгөх гээд чадахгүй байна. АН бол 200 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээний том нам. Хэн нэгэн хүн гарлаа орлоо гээд алдах зүйл харьцангуй бага” гэдэг үгээрээ тов тодорхой илэрхийлчихэж. Энэ бол “Бид хэнээр ч дутахгүй” гэсэн бардамнал юм. Тэр ардчиллын төлөө, АН-ын төлөө зүтгэж явсан лидерүүдээ ердөө л 100 саяар хэмжээд хөөчихлөө. Хамгийн гол нь АН-ын үнэ цэнэ нь хуучин лидерүүддээ оршдог гэдэг итгэл үнэмшилтэй гишүүд, дэмжигчдийнхээ сэтгэл рүү ус цацаж орхилоо.
АН-д мөнгө өгөх хүн биш л бол нэгэн цагт энэ намыг удирдаж, хамтран зүтгэж байсан нь хамаагүй гэдэг хатуу зарчим АН-ыг хагалан бутаргаж байна. Даанч энэ нь С.Эрдэнэ, З.Энхболд нарт хамаагүй л дээ.

Сэтгэгдэл (1)
(122.201.31.111)
мөнгөний нам л даа