Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, конвенцыг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ

Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаярын өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулж ажиллуулжээ. Байнгын хорооны ажлын хэсэг төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналуудыг судалж нягтлан зарчмын зөрүүтэй саналын зарим томьёолол бэлтгэснийг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.

Ингээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлд энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд ямар ямар шаардлагыг нэг мөр хангасан байхыг агуулсан 10.9-10.11 дэх хэсгийг нэмэхээр тогтов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 10 дугаар зүйлийн 10.4.13 дахь заалтыг “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн талаарх илт худал мэдээлэл нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ноцтой саад учруулахаар бол тухайн мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөл байдалд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авах” гэж, 10.4.17 дахь заалтыг “зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 3 дугаар зүйлийн 17 дахь заалт буюу 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтыг “гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх” гэж өөрчлөн найруулахаар болов.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хийлээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Иймээс Улсын Их Хурлын бүх Байнгын хороо хуралдаанаараа энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, гаргасан санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм.

Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр бичгээр зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Үргэлжлүүлэн  Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр танилцуулга хийлээ. Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Конвенцыг соёрхон батлах нь зүйтэй гэж үзлээ

Хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулав.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр монгол иргэд олноор зорчдог улсуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлд Хууль зүй, дотоод хэргийн яам анхаарч иржээ. Одоогоор манай улс гадаад орнуудтай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан хоёр талт 12 гэрээ байгуулаад байгаа бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн 1983 оны конвенцид нэгдэж ороод байгаа аж.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Америкийн улсуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус нийт 21 улс нэгдэн орсон бөгөөд үүнд Монгол Улсын иргэд суралцах, бизнес болон аяллын зорилгоор зорчдог Америкийн Нэгдсэн Улс, Канад, Бразил, Мексик зэрэг улс багтдаг. Иймээс гадаадад хорих ял эдэлж байгаа иргэдийг эх орондоо ял эдлэх боломжоор хангах, гадаад орнуудтай ялтан шилжүүлэх ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүднээс Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцид Монгол Улс нэгдэж орох нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн байна.

Тус конвенц нь аливаа улс нэгдэн ороход нээлттэй бөгөөд Монгол Улс конвенцыг соёрхон баталж, батламж жуух бичгээ Америкийн улсуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын газарт хадгуулахаар хүргүүлсэн өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болох юм байна.

Конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхэд гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь конвенцыг соёрхон батлахыг дэмжлээ.  

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)