““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
- 2020-05-06
- Улс төр
- 0
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.05.06/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Баттөмөр, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төслийн хавсралтын “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэсэн 3 дахь зорилгын “Хөдөлмөр эрхлэлт ба гарааны бизнес” гэсэн хэсгээс бичил, жижиг, дунд бизнестэй холбоотой хэсгийг тусад нь бүлэг болгох, төслийн хавсралтын 3.2.7 дахь заалтад “Багш, эмч нарыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх, төслийн хавсралтын 3.3.23 дахь заалтын “нэвтрэх ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.” гэснийг “жижиг, дунд бизнесийг нэвтэрч ажиллах боломжийг бүрдүүлэхэд бүх талаар бодлогын дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллана.” гэж, мөн хавсралтын 3.3.20 дахь заалтын “урамшууллыг өргөжүүлнэ.” гэснийг “дэмжлэгүүдийг өргөжүүлж, эрх зүйн орчныг илүү тааламжтай болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.” гэж тус тус өөрчлөх, гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа нар төслийн хавсралтын “Хүний хөгжлийн зорилт”-ын хүрээний “Эрүүл мэнд” гэсэн хэсэгт иог, хөдөлгөөнийг дэмжсэн заалт шинээр нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв.
Санхүүгийн хэлэлцээрийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгах зорилгоор нийслэлийн хоёр чиглэлд дүүжин зам барьж, ашиглалтад оруулах төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх зээлийг олгох боломжтойгоо мэдэгдээд байгаа аж. Нийт 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл бөгөөд 40 жилийн хугацаатай, жилийн хүү нь 0.0076 хувь юм байна.
Эхнийх чиглэл нь Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой шугам бөгөөд өртөг нь 35.4 сая евро аж. Мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км шугам бүхий 3 зогсоолтой шугам барихаар төлөвлөсөн бөгөөд тус хоёр дахь шугамын холбогдох тооцоолол бүрэн хараахан дуусаагүй, төслийн хүрээнд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах аж. Нийт өртөг 25.3 сая евро байхаар төлөвлөжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ц.Гарамжав нар асуулт асуусан. Гишүүд ямар судалгаа, шаардлагаар ийм төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснийг лавлаж байлаа.
Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, нийслэлийн нийтийн тээврээр өдөрт 600-650 мянган зорчигч зорчдог бөгөөд цаашид ачааллыг бууруулахын тулд олон төрөлт нийтийн тээврийн хувилбарт шилжүүлэх нь зүйтэй гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар үзсэн аж. Баянхошуу, Дарь-Эх, Чингэлтэйд амьдардаг иргэд агаарын дүүжин тээврээр үйлчлүүлнэ гэж тооцжээ. Агаарын дүүжин тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал нь бага, метро, трамвайнаас зардал нь 5-8 дахин бага гэсэн дүгнэлт гарсан хэмээлээ.
Мөн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа нар үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь санхүүгийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)