Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат танилцуулга хийлээ. Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 33, найруулгын таван багц саналын томьёолол бэлтгэсэн байна.

Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт вяуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг “гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах”, мөн зүйлийн 13.2 дахь хэсгийг “Гишүүний асуултад хариулах хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт тайлбар өгөх хугацаа 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй байна” гэж өөрчлөн найруулах болов.

Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг “Гишүүн энэ хуулийн 9.5-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ” гэж өөрчлөн найруулах, үүнтэй холбогдуулан төслийн 13 дугаар зүйлд “Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, тухайн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хэлэлцүүлэг явуулахгүй” гэсэн агуулгатай хэсгийг нэмэхээр тогтов.

Ажлын хэсгээс төслийн 36 дугаар зүйлд “Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэхээ урьдчилан мэдэгдэж дараалалд орсон гишүүн 5 минутаас илүүгүй хугацаагаар индэрт гарч үг хэлнэ. Ийнхүү үг хэлэхдээ төслийн үзэл баримтлалын талаарх өөрийн байр суурь, үндэслэлийг тодорхой судалгаа, албан ёсны мэдээлэлд тулгуурлан илэрхийлнэ” гэсэн агуулгатай хэсэг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь олонхын дэмжлэг авч чадсангүй.

Харин төслийн мөн зүйлд “Гишүүн хуулийн төслийн үзэл баримтлалтай шууд холбогдолгүй асуудлаар үг хэлбэл хуралдаан даргалагч зогсоох эрхтэй” гэсэн агуулгатай хэсэг нэмэх саналыг гишүүдийн олонх нь дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын саналаар төслийн 18 дугаар зүйлийн 18.8, 18.9 дэх заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн саналаар улсын төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулах үед шаардлагатай бол хөрөнгө оруулалтын агуулга, дүнг өөрчлөхгүйгээр зарим засвар өөрчлөлтийг хийж болох талаар төслийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Улсын Их Хурал 2007 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг батлан гаргаснаас хойш 26 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хурлын хуралдааны үйл ажиллагаанд үүсэж байгаа тулгамдсан асуудлыг шуурхай зохицуулалт хийж, өөрчлөх, боловсронгуй болгох, олон улсын чиг хандлагыг тусгаж, парламентын төлөвшилт хөгжилтөд зохих үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Харин Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваар”-ийн дагуу Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 126 зүйлтэйгээр боловсруулсныг ийнхүү хэлэлцэж байгаа юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)