Элчин сайдыг эгүүлэн татах, томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад эхэлж, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,  2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой. 1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.

Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэйхолбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүнД.Лүндээжанцан цаг тун давчуу энэ үед томилгооны асуудлыг олноор нь хэлэлцэж байгааг шүүмжилсэн. Ш.Раднаасэд гишүүн БНХАУ-ын Ганьсу муж, Монгол Улсын Говь-Алтай аймгийн хил 64 км газраар хиллэдэг, Монголын талаас Нарансэвстэйн боомтыг 1991 онд нээгээд, хаасан байдгийг дуулгаад, энэ боомтыг нээх, баруун хилийн боомтуудын үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахыг хүслээ. Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав гадаад улсад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Монгол Улсаад гадаад улсад суух Элчин сайд нарын томилгоог яаравчлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Б.Пүрэвдорж гишүүн БНХАУ руу 100 мянган тонн мах экспортлох асуудлыг анхаарч ажиллахыг нэр дэвшигчээс хүссэн. Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, цар тахалаас үүдэн олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа учраас ҮАБЗ дээр үндэслэн зайлшгүй шаардлагатай хоёр томилгоог хийх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн болохыг тайлбарлав. Нэр дэвшигчид төрийн жинхэнэ албан хаагчид гэдгийг тэрбээр онцлов. ОХУ-д суух Элчин сайдыг томилоод удаагүй байгаа, гадаад улс орнуудтай харилцааны эрх тэгш байдал, зайлшгүй хэрэгжүүлэх томоохон төсөл, бодит шаардлага, нөхцөл байдалтай уялдуулаад дээрх шийдвэрүүдийг гаргасан болохыг тайлбарласан юм.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 97.9 хувь нь Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг санал хураалтад оролцсон 47 гишүүний 46 нь зөвшилцөхийг дэмжив. Мөн Д.Ганхуяг, Б.Ганболд нарыг Элчин сайдаас эгүүлэн татах саналыг гишүүдийн олонх буюу 93.6 хувь нь дэмжсэн. Эдгээр санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 33, дэмжээгүй 2 зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон найруулгын 5 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг “13.1.2.гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах;” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг “Гишүүн энэ хуулийн 9.5-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ.” хэмээн өөрчлөхийг, төслийн 13 дугаар зүйлд “13.5.Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, тухайн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хэлэлцүүлэг явуулахгүй.” гэсэн агуулгатай хэсэг нэмж, төслийн дугаарлалтыг өөрчлөхийг дэмжсэн юм. Төслийн 13 дугаар зүйлийн 13.18 дахь хэсэг, төслийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийг хасах, төслийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсгийг тус тус хасахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 100 дугаар зүйлд “100.7.Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг баталсантай холбогдуулан шаардлагатай бол уг тогтоолд нийцүүлэн зохих хууль, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг мөн дэмжсэн юм.

Ийнхүү үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)