Их сургуулиудын кампус байгуулан, нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж байгаа гэв

“Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү танилцууллаа.

            Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 17, 12 дугаар зөвлөмжид нийслэл Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө, агаар хөрсний бохирдлыг бууруулах, эдийн засгийн тодорхой салбаруудын тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцүүлэн хөгжүүлэх, хүн амыг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дагуул, хаяа хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хот байгуулах тухай асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэхээр хуульчилсны дагуу Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулснаа танилцуулж буйгаа дурдав. Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлээд, хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Д.Лүндээжанцан, А.Ундраа, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авлаа.

Шинээр байгуулагдах хотын иргэд төрийн үйлчилгээг өөр сумаас очиж авахгүй, хот нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргүүдийг өөртөө шингээсэн байдлаар хөгжинө хэмээн төлөвлөж байгаа бөгөөд эдгээр шийдвэрийг хэзээ гаргах талаар Х.Нямбаатар гишүүн тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Одоогоор төлөвлөгөө, ТЭЗҮ болон холбогдох судалгаанууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг өгсөн.

 Аэросити гэдэг нэршлийг монгол болгох асуудлаар Д.Лүндээжанцан гишүүн байр сууриа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа эдгээр хотын төлөвлөлтийг хийхдээ, хэдэн жилийн өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос АНУ-ын Хойд Каролина муж дахь “Research triangle park” технологийн төвийн судалгааг хийж байсныг ашиглах боломж байгааг хэллээ.  Түүнчлэн эрчим хүч болон усны судалгаа, нийслэлтэй төмөр замаар холбох асуудал, их дээд сургуулиудын нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой тодруулгыг хийж, хариулт авав.

Хот байгуулах ажил бол маш урт хугацаанд, цогц төлөвлөлтийн үр дүнд хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлыг 4 үе шатад хуваагаад байгаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.

Богд хан төмөр замтай холбоотой ажил “бүтээн байгуулалт 2” үе шат буюу 2028-2031 онд хийгдэхээр төлөвлөгдсөн гэлээ. Тус төлөвлөгөөнд өндөр технологийн төвүүдийг байгуулах асуудлыг тусгасан байна. Их сургуулиудын кампус байгуулан, нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж байгаа гэв.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Иймд “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ард (202.126.89.242)

    2020-05-10

    Том бүтээн байгуулалт болох юм байна. Улс орон маань эрчимтэй хөгжлийн замдаа гарлаа даа. Эх орон, байгаль дэлхийгээ бага сүйтгүүлэх юмсан.