Хойд Солонгосын пуужин бүтэлгүйтэж далайд унажээ
- 2012-04-16
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын албаныхан их удирдагч Ким Ир Сен мэндэлсний 100 жилийн
ойг тохиолдуулан “Тод гэрэлтэгч од- 3” хиймэл дагуул тээсэн “Тэнгэрийн
заадас-3” пуужинг өнгөрөгч пүрэв гаригт орон нутгийн цагаар өглөөний
07.39 цаг /гринвичийн цагаар 22.39 цаг/-т Хятадын зүүн өмнө нутгийн
ойролцоо Шар тэнгис орчмоос хөөргөжээ.

Гэсэн ч пуужин хөөрснөөс хэдхэн минутын дараа дэлбэрч Шар тэнгист унасан байна. Тус улсыг пуужин хөөргөвөл задгай сансарт гарахаас өмнө устгана гэж Японы батлан хамгаалахын албаныхан мэдэгдсэн. Харин Хойд Солонгосын пуужин задгай сансарт гарахаас өмнө гаднын ямар нэг нөлөөгүйгээр өөрөө дэлбэрч далайд унажээ.
Үүний дараа Хойд Солонгосын залуу удирдагч олон нийтийн өмнө гарч мэдэгдэл хийсэн байна. Энэ үеэр тэрбээр пуужингийн талаар ганц ч үг хэлээгүй бөгөөд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүхэлд нь магтсан аж.
Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард эцэг Ким Чен Ирийг зүрхний шигдээс өвчний улмаас нас барсны дараа Хойд Солонгосын шинэ удирдагчаар сонгогдсон Ким Чен Ун анх удаа олны өмнө гарч байгаа энэ юм. Тэрбээр энэ үеэр зэвсэгт хүчний дээд тушаалын 70 офицерт генерал цол олгох шийдвэр гаргажээ.
Батлан хамгаалах болон эрх баригч Хөдөлмөрийн намын тэргүүнээр сонгогдсон түүний гарт Хойд Солонгосын бүх эрх төвлөрсөн юм. Эл улсын Ардын арми байгуулагдсаны 80 жилийн ой энэ сарын 25-нд тохиох гэнэ. Түүнчлэн түүний өвөө, Хойд Солонгос Улсыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаа юм.
АНУд төвтэй олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тооцоогоор Хойд Солонгосын орон нутаг дахь хүн амын 60, нийслэл Пхеньяний оршин суугчдын 40 орчим хувь их бага хэмжээгээр өлсгөлөнд нэрвэгдсэн гэнэ. Барууны болон хөрш орнуудын хүчтэй эсэргүүцлийг үл ойшоон пуужин хөөргөсөн Пхеньяний эрх баригчдын оролдлого бүтэлгүйтсэн ч тэдгээр орнууд хориг арга хэмжээ авах шийдвэрт хүрчээ.
АНУ Хойд Солонгост 240 мянган тонн хүнсний тусламж үзүүлэхээ амласан ч пуужин хөөргөснөөс болж энэхүү тусламжийн цувааг илгээхээс татгалзсан юм. Мөн Пхеньяний эрх баригчдыг ард иргэдээ бүтэн нэг жил өлсгөхгүй байх хэмжээний мөнгийг “Тэнгэрийн заадас-3” буюу “Унха-3” пуужинд зарцуулсныг буруушаажээ.
АНУын Ерөнхийлөгч Барак Обама Хойд Солонгосыг пуужин хөөргөсний дараа “Хүн ард нь өлсгөлөнд нэрвэгдээд байхад тоолгүй пуужинд олон зуун сая ам.доллар зарцууллаа” гэж Хойд Солонгосын эрх баригчдыг шүүмжлэв.
Тус улс үүнээс өмнө хоёр ч удаа сансарт пуужин хөөргөх гээд бүтэлгүйтжээ. Энэ удаагийн пуужин өмнөх “Унха-1”, “Унха- 2” пуужинг бодвол харьцангуй том, илүү хөрөнгө шаардсан бөгөөд тэрбум орчим ам.доллар зарцуулсан байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)