Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын баримт бичигтэй болов

 “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын даргын захирамжаар тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан 12 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газрын холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дэмжсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Байнгын хорооны ажлын хэсэг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу тогтоолын төсөл болон хавсралтын зарим заалтыг гүйцээн боловсруулж холбогдох саналын томьёоллууд бэлтгэснийг санал хурааж шийдвэрлэжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Д,Лүндээжанцан, Б.Баттөмөр нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналаар санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтад “Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд нийгэм, эдийн засгийн өсөлтөөр бүс нутагтаа манлайлсан “Азийн тэргүүлэгч улсын” нэг болно” гэж өөрчлөн найруулахаар болов. Мөн үүнтэй уялдуулан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн Эрхэм зорилгод гишүүдийн саналыг тусгаж өөрчлөн найруулах, хавсралтын зохих хэсгийн “дундаж давхарга” гэснийг “бага, дунд орлоготой” гэж өөрчлөхийг дэмжлээ.

Ингээд “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Энэ талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм. Тус Байнгын хорооны тогтоолоор хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж ажиллуулжээ.

Уг хуулийн төсөлд Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг байхаар тусгажээ. Тус байгууллага нь хуулиар төрийн хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөгөөн болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг гүйцэтгэх юм байна.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хороонос гаргасан зарчмын зөрүүтэй 19 саналаар нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)