Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
- 2020-05-14
- Улс төр
- 0

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан. Тус Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Д.Ганболд, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нар орж ажилласан болно. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Оюундарь нарын асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариултдаа, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээс төрийн ачаанаас хувийн хэвшлийнхэн сайн хуваалцаж байггааг онцлоод Эрүүл мэндийн даатгалын сангаас төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд ялгавартай санхүүжиж байсныг 2020 оны улсын төсвөөр эрс өөрчилсөн гэдгийг тодотгов. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэхэд төрийн эмнэлэгт 300 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг байсныг адилтган 400 мянган төгрөг болгосон. Мөн уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдээ дэмжиж 117 мянган төгрөгийн тарифыг 250 мянган төгрөг болгосон гэж байлаа. Мөн тэрбээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний асуудалд анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт яаралтай тусламж, үйлчилгээнд шаардлагатай парк шинэчлэлтийг 90 гаруй хувьд хүргэснийг тодотгохын зэрэгцээ хуулийн төсөлд иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авсны дараах урт хугацаанд сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээ хийх зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх чухал заалтыг тусгасан гэж байлаа.
Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 9 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн "хүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн” гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа "эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг’ гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 16.19 дэх хэсгийг, 1 дүгээр зүйлийн “4/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг’-ийг бүхэлд нь хасахаар боллоо. Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс нь” гэснийг "Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс” гэж өөрчлөхөөр болов.
Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг баталлаа
Хуралдаан Монгол Улсын засгийн газар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар тус тус танилцуулсан.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ төрөл нэвтрүүлэх, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Франц Улсын “Пома” компанитай хамтран “Нийслэлийн агаарын тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2019 оны 04 дүгээр сараас ажиллаж байгаа ба уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон 4.9 км урт, 3 зогсоолтой дүүжин зам, мөн Долоон буудал-Дарь эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, 3 зогсоолтой дүүжин зам байгуулна. Төслийн гол зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, авто замын түгжрэлийг бууруулж, агаарын бохирдлыг багасгахад чиглэнэ гэж төслийн танилцуулгад дурджээ.
Энэхүү Санхүүгийн хэлэлцээрийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд Санхүүгийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрх олгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй тул Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,7 хувь нь дэмжив.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Дараа нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хангана” гэснийг “хангаж, шаардпагатай бусад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ" гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-д заасны дагуу “Төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалт буюу 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “хангана" гэснийг “хангаж, шаардлагатай бусад дэмжлэг, туслалцаа үзүүлнэ” гэж өөрчлөхөөр болов.
Ингээд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд нэмэлт оруулахтухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүуд болон Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслүүдийг бүхэлд нь баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)