С.Төмөрдулам: Мanaikhoroo.mn цахим хуудаст чанаргүй гүйцэтгэж байгаа стандартгүй бүтээн байгуулалтын мэдээллийг өгч болно

Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогчид болон Улаанбаатар хотын  Ерөнхий менежер,  9 дүүргийн Засаг дарга нар, нийслэл, дүүргийн  Газрын албаны төлөөлөл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын албаныхан хамтран хуралдаж ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсэг хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд орчны аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангаагүй хашаа хайсыг цэгцлэх чиглэлийн хүрээнд  иргэдийн амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөд хохирол учруулахуйц 194 байршилд хашааг шинэчлэхээр судалгаа гаргасан байна. Орчны аюулгүй байдлыг хангах, нурж эвдэрсэн хашаа цэгцлэх ажлыг ирэх сарын 01-нд дуусгах аж.

Өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам, нийслэлийн Газар зохион байгуулалтын Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн  ахлах мэргэжилтэн Э.Түвшинбаяр нар цахимаар мэдээлэл хүргэлээ.

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Өнгөрсөн жилийн хувьд орчны аюулгүй байдлыг хангаагүй 379 барилгын түр хашааг шинэчлэх сайжруулах ажлыг хийсэн. Барилгын гадна орчны аюулгүй байдлыг хангуулах 14  баримт бичиг нийслэлийн Засаг даргын А/456 дугаар тоот захирамжаар гарсан. Түр хашаанаас авахуулаад стандарт хангаагүй барилгуудын судалгааг гаргаад стандартыг мөрдүүлэх баримт бичгийг аж ахуйн нэгжүүдэд хүргэж шаардлага тавьж байна.

Мөн явган хүний болон дугуйн замд тавигдах стандартын хэрэгжилтыг хангуулж ажиллана. Энэ жил улс нийслэлийн хөрөнгөөр хийгдэж байгаа 429 бүтээн байгуулалтын ажил бий. Эдгээр ажлуудад орчны аюулгүй байдлыг хангуулах 14 баримт бичгээр хяналт тавина.

Төрийн байгууллагууд стандартын баримт бичгийг мөрдөхөөс илүүтэй барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд иргэд стандартыг мөрдөж байж иргэдийн аюулгүй байдлыг хангана гэдгийг ойлгох хэрэгтэй. Стандартыг мөрдүүлнэ гэдэг бол дан ганц төрийн байгууллагын ажил биш. Иргэдийн оролцоо чухал учраас manaikhoroo.mn цахим хуудаст чанаргүй гүйцэтгэж байгаа стандартгүй бүтээн байгуулалтын мэдээллийг өгч болно. Иргэдээс өгсөн мэдээллийн дагуу холбогдох албаныхан ажиллана” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)