Монгол наадам цогцолборын төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд 792 тэрбум төгрөг шаардлагатай
- 2020-05-19
- Нийгэм
- 0

"Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийжээ. Монголын уламжлалт байр наадмыг нэг дор зохион байгуулах, олон улсад сурталчлах, цаашлаад 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршиж буй.
Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ. Мөн 43.5 га талбайд 14 880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн онгоц бууж, хөөрөх талбай, усан сан, гольфийн талбай, морины тахны хэлбэр бүхний уяачдын отог, задгай театр зэргийг байгуулахаар төлөвлөжээ. Цогцолборт барих зарим байгууламжаас дурдвал, 35 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 5280 хүний суудалтай сур харвааны талбай, 20 000 хүний суудалтай морь барианы цогцолбор, 5000 хүний суудалтай морин тойруулга, 10 000 хүний хүчин чадалтай амралтын цогцолбор, 5000 хүний суудалтай спорт цогцолбор, зочид буудал, музей, хурлын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээрээс гадна цогцолборын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд цанын бааз, их сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтдээ 792 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд, төслийг төр-хувийн хэвшлэлийн түншлэлээр хийх аж.

Сэтгэгдэл (0)