Н.ТӨГСЦОГТ: Медалиас илүү олимпын эрх авах нь чухал байсан
- 2012-04-18
- Спорт
- 0
-Астанад болсон тэмцээнд таван тулаан хийсэн. Эхний тойрогтоо Филиппиний тамирчинтай таарч дараагийн тоглолтдоо Энэтхэг, Пакистан, Японы боксчинтой тулалдсан. Харин финалд Казахстаны боксчин таарсан. Тоглохоос өмнө “Медалийн өнгөө хувиргах боломж байна” гэж хүмүүс ярьж байсан.



Казахстаны Астанад олимпийн эрх олгох Азийн боксчдын тулаан болсон. Тэмцээний 52 кг-ын жинд хүч үзсэн Гавьяат тамирчин Н.Төгсцогт, 69 кг-д өрсөлдсөн ОУХМ Б.Түвшинбат нар амжилттай оролцож Лондоны олимпийн эрхээ авсан билээ. Ялалт байгуулсан тамирчид, дасгалжуулагчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүслээ. Энэ үеэр Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баярсайхан, Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг болон олимпийн эрх авсан тамирчид тэмцээн, бэлтгэлийнхээ талаар мэдээлэл хийв. Тамирчид энэ сарын 21-нд урьдчилсан бэлтгэлдээ гарах ажээ. Мөн Казахстан, Хятад, Филиппиний ширэн бээлийтнүүдтэй хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөж байгаа аж. Гавьяат тамирчин Н.Төгсцогттой тэмцээний талаар цөөн хором ярилцлаа.
-Олимпод оролцох эрхээ авсанд баяр хүргэе. Финалын тоглолтоо тааруухан хийчих шиг санагдсан. Юунаас болсон бэ?
-Астанад болсон тэмцээнд таван тулаан хийсэн. Эхний тойрогтоо Филиппиний тамирчинтай таарч дараагийн тоглолтдоо Энэтхэг, Пакистан, Японы боксчинтой тулалдсан. Харин финалд Казахстаны боксчин таарсан. Тоглохоос өмнө “Медалийн өнгөө хувиргах боломж байна” гэж хүмүүс ярьж байсан. Миний хувьд медалиас илүү олимпийн эрх авах нь чухал байсан болохоор тэр тухай бодоогүй. Юуны өмнө эхний гурван тоглолтдоо хамаг хүчээ шавхсан. Харин олимпийн эрх авсныхаа дараа амармаар санагдсан. Гэхдээ финалд таарсан тамирчинтайгаа олимпийн үеэр таарвал яаж тулалдахаа судалчихсан байгаа. Азийн тамирчид хөнгөн жиндээ, Европынхон 60 кг-аас дээш жиндээ сайн байдаг болохоор финалд тулалдсан боксчинтой дахин таарах боломжтой.
-Тоглолтыг шударга шүүсэн гэж бодож байна уу?
-Шүүгчид сайн шүүсэн. Харин манай тамирчдын хувьд сугалаа хүнд таарсан. Бидний эхний тоглолтууд хүнд байсан. Би эхний хоёр тоглолтдоо Азийн аваргуудтай таарсан.
-Олимпийн наадамд анх удаа оролцох гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Тамирчин хүний гол зорилго олимпод оролцох. Бага байхдаа алтан медаль авч байна гэж тоглодог байсан. Харин одоо жинхэнэ олимпод орох гэж байгаадаа баяртай байна. Юуны өмнө бэлтгэлээ сайн хийнэ дээ. Олимп дөхөөд ирэхээр цагийн зөрүүнд тохируулж бэлтгэлээ базаах төлөвлөгөөтэй байгаа. Түүнээс өмнө ирэх сард зохиогдох Хабаровскийн олон улсын тэмцээнд оролцоно. Дараа нь Эрдэнэтэд болох тэмцээнд зодоглох байх. Боксын холбоо болон дасгалжуулагч нар Москвад хамтарсан бэлтгэл хийлгэхээр ярилцаж байгаа. Мөн Лондоны цаг агаарт дасгах үүднээс ойролцоох газар нь долоо хоногийн бэлтгэл хийж байгаад шууд тэмцээндээ оролцох тухай ч ярьж байсан.
-Олимп ойртож байгаа энэ мөчид жингээ барина биз?
-Тэмцээнд тулгаж жингээ хасахын оронд барьсан нь дээр байдаг. Тэмцээний өмнөхөн жин хасахаар ядрах гээд байдаг юм.
-Олимпийн аварга Э.БадарУуган Та хоёр 17 дугаар сургуулийг төгссөн. Тиймдээ ч арай ойр байдаг гэж сонссон. Аваргыг эрүүл мэндийн шалтгаанаас тэмцээнд оролцохгүй гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Бэртлийнх нь талаар мэдэж байсан ч тоглохоо больчихно гэж бодоогүй. Э.Бадар-Ууган ах бид хоёр тэмцээн уралдаанд явахдаа нэг өрөөнд байрладаг байсан. Надад урам хайрлаж “Чи чадна” гэж дэм өгдөг байлаа. Тамирчин хүний гол дайсан нь бэртэл байдаг. Ахын нуруу нь өвдөөд тоглож чадахаа больсон. Энэ мэдээг надаас гадна ийм сайн тамирчнаа тоглохгүй гэдгийг сонссон Монголын ард түмний сэтгэл хэцүү байгаа байх.
-Дэлхийн аваргын мөнгөн медалийг 17 настайдаа авч, хамгийн залуу Гавьяат тамирчин болсон. Тэр үеийг эргээд дурсвал?
-Гоё байна. Гурван жил их хурдан өнгөрчээ. Энэ хугацаанд их зүйл сурсан. Одоо тамирчин бүрийн мөрөөддөг олимпод оролцохоор боллоо. Амжилт гаргахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийнэ.
-Таныг спортын гараагаа кикбоксоор эхэлсэн гэдэг. Хэдий үеэс боксоор хичээллэсэн бэ?
-Анх жүдогоор хичээллэж байсан. 2002 оноос хойш хоёр жил гаруй хичээллэсэн ч зодооны урлаг сонирхдог байсан болохоор боксын дугуйланд орсон. Анх кикбоксын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Дараа нь боксын улсын аварга болсон. Тэгээд удалгүй дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн.
-Тэмцээнд оролцох бүртээ авдаг үнэмлэхээ цуглуулдаг гэсэн. Цуглуулга чинь овоо арвижсан байх даа?
-Олон болсон шүү. Ер нь миний оролцож байсан бүх тэмцээний үнэмлэх бий.
Б.Сэлэнгэ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)