Б.Хаш-Эрдэнэ: Тусгай сангуудад төвлөрсөн мөнгөнүүдийг зах зээл рүү гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байна

Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.


-Монголын бизнесийн орчны тухай ярихад яалт ч үгүй “Covid 19”-тэй холбогдож таарах нь. Нөхцөл байдал хүнд байгааг хэн бүхэн харж байна?

-Коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас хөл хорио тогтоосон. Хөл хорио тогтоосон эхний нэг, хоёр сард аж ахуйн нэгжүүд хүлээлтийн байдалтай байсан. Удахгүй нээгдчих байлгүй дээ гэсэн байдалтай. Ерөнхийдөө өөрсдийнхөө дотоод хүч, нөөц боломжоороо бизнесээ үргэлжлүүлээд ажилчдаа цалинжуулаад явж байсан. Гэтэл гурав, дөрөв дэх сараасаа үнэндээ компаниудын хувьд ойрын үед хэвийн болохгүй гэдгийг мэдэж, хүлээлтийн байдлаасаа гарч дараагийнхаа арга хэмжээнд орж эхэлж байна.

-Тэр нь ямар арга хэмжээ вэ?

-Өмнө нь ажилчдаа цөөлөх нь бага байсан бол одоо цөөлөх нь нэмэгдэж байна. Манай бизнес эрхлэгчид төдийгүй ихэнх аж ахуйн нэгжүүдийн орлого харьцангуй сайн олдог үе нь Цагаан сар, ноос ноолуурын үе, наадмын үеэр байдаг. Цагаан сарын үеэр бүх үйл ажиллагаа нь хоригдоод орлогоо олж чадаагүй. Ноос ноолуурын үеэр ноолуураа аваад үйл ажиллагаагаа явуулъя гэхээр дэлхийн зах зээл нь хаагдчихсан, худалдан авагч үгүй болчихсон. Тиймээс хэдэн тэрбумаар нь мөнгө гаргаад юмаа үйлдвэрлэх боломжгүй болсон. Энэ бол зүгээр нэг жишээ. Ингэж эргэлт, орлого багассан учраас ажилчдаа цөөлж эхэлж байна. Цаашид сайжирна, ойрын хугацаанд сайжирна гэсэн хүлээлтгүй болчихсон учраас ийм шийдвэрийг бизнес эрхлэгчид гаргахаас өөр аргагүй болж байгаа юм. Тэгэхгүй бол бизнесүүд дампуурах гэж байна.

Үүн дээр нь манай төр засгийн зүгээс аливаа шийдвэр гаргахдаа нэг тийм сюрприз барьж байгаа мэт байдлаар гаргаад байх юм. Манай танхимаас хэд хэдэн санал гаргаад хүлээж авахгүй болохоор хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн. ХАОАТ, нийгмийн даатгалыг суутгахыг болиулаач ээ, бизнес эрхлэгчдэдээ хөнгөлттэй зээл олгооч ээ, тэгэхгүй бол Монголын бизнес эрхлэгчид дампуурахад бэлэн байна гээд нэлээд олон санал гаргасан. Гэтэл гэнэтхэн маргааш Ерөнхий сайд гарч ирээд л “Нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ-ыг суутгахаа болилоо. 200 мянган төгрөг өгнө” гэж долоон арга хэмжээ авна гэж зарласан шүү дээ. Үүнийг сонсоод л маргаашнаас бүгд дахиад хүлээлтийн байдалд орчихсон. Гэтэл Засгийн газар тэр зарласан арга хэмжээгээ яаж шийдэх, яаж хэрэгжүүлэх, ямар ч дүрэм журмаа гаргаагүйгээс болоод тэр 200 мянган төгрөгийн асуудал долоо хоногийн өмнөөс л шийдэгдэж эхэлж байна шүү дээ. Гэхчлэнгээр урьдчилж судалгаа тооцоогоо хийгээгүй, гэнэтхэн санаанд оромгүй бэлэг барьж байгаа юм шиг зарласнаас болоод ард иргэд, бизнес эрхлэгчдийн хооронд үл ойлголцлыг бий болгож байна. Хамгийн эхэлж “Зээлийг чинь царцаалаа, зээлээ төлөхгүй байж болно оо” гэж мэдэгдсэн. Тэр дагуу ард иргэд банкин дээр очоод зээлээ зогсоолгох гэтэл банк нь өөдөөс нь “Ямар ч дүрэм журам, бодлогын бичгүүдээ хүлээж аваагүй байна” гэж тайлбар хэлж буцааснаас бөөн сенсаци болсон. Ийм учраас төрөөс хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээгээ цогцоор нь гаргаад, урьдчилан тодорхойлж, бэлтгэлтэйгээр хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Улаанбаатар хотын захиргаанаас шийдвэр гаргаж баар, караокег нээчихээд хоёр хоногийн дараа хаасан. Баар, караокег ихэвчлэн жижиг аж ахуйн нэгжүүд ажиллуулдаг. Бид сая судалгаа хийж үзсэн. Зөвхөн тэр хоёр хоногт баар, караоке нэгээд хаахад нэг аж ахуйн нэгж дунджаар 15-20 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ мэтээр бидний судалгаагаар янз бүрийн л юм гарч ирж байна даа.

-Монголын бизнес эрхлэгчид маань төр засгаасаа ямар шийдвэр хүлээдэг?

-Дэмжихээсээ илүү юмаа илүү тодорхой байлгаж байгаач ээ. Мэдээллээ ил тод байлгаач ээ гэж байна. Тодорхой дүрэм, журам гаргангуутаа “Нээхээр боллоо, хаахаар боллоо” гэдгээ сошиалаар мэдэгдчихдэг. Бизнес эрхлэгчдэд ямар ч урьдчилгаа заавар, зөвлөмж өгөхгүйгээр гэнэт шийдвэрээ зарладаг. Өөрөөр хэлбэл, манай төрийн бодлого, гаргаж буй шийдвэрүүд дандаа сошиалаар яваад байна. Энэ чинь албан бус. Албан бус энэ байдлаас болоод үл ойлголцол хаа хаанаа их үүсч байна. Зургаа, долдугаар сар, энэ оны эцэст эдийн засгийн байдал нэг иймэрхүү болох нь байна шүү, бид ийм ийм цогц арга хэмжээ авах гэж байгаа шүү, үүнийгээ ийм ийм шат дараалалтайгаар хэрэгжүүлэх юм шүү гэж урьдчилж хэлэхгүй болохоор бизнес эрхлэгчид маань сайд дарга нарын сюрпризэд тааруулж үйл ажиллагаагаа явуулах гэж маш их алдагдалд орж байна.

Энэ олон хүнд суртал, шат дамжлагаа багасгаад мэдээллүүдээ ил тод байлгаж байгаач ээ. Бид урьдчилж юмаа мэдэж, тэрэндээ бэлдэж баймаар байна гэдэг хүсэлтийг бизнес эрхлэгчид гаргаж байгаа. Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээл олгооч ээ гэж байгаа. Түүнээс биш үнэгүй юм, зүгээр мөнгө өг гээгүй. Хөнгөлөлттэй зээл олгооч ээ. Бид ажилчдынхаа цалинг тавихад хэцүү болж байна. Түүхий эд материалаа татахад хэцүү болж байна. Борлуулалтын орлого, эргэлт багассан учраас. Тиймээс хөнгөлөлттэй зээл л олгоочээ гэдэг асуудлыг бизнес эрхлэгчид ихээр тавьж байгаа.

-“Covid-19” халдвар гарахаас өмнө жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид “Төрийн хамгийн том тус бол бидний ажилд оролцохгүй байх явдал” гэж ярьж байсан. Бизнесийн салбарт төр оролцохоороо л болохоо байдаг гэдэг юм билээ?

-2020 оны эхээр, энэ халдвар дэгдэхээс өмнө Монголын бизнес эрхлэгчид ирээдүйгээ, цаашдын зорилгоо өөдрөгөөр харж байсан. Одоо харин өөдрөгөөр харах боломжгүй болчихоод байна. Яах нь тодорхойгүй, төрийнхөн маань ч, бизнесийнхэн маань ч энэ их эрсдэл яахыг мэдэхгүй байгаа учраас, мөн дээрээс нь нөхцөл байдал өдөр болгон өөрчлөгдөж байгаа болохоор хүлээлт дунд яах бол гэсэн байдалтай л байна.

-Монголын бизнесийн салбар эргэж хөл дээрээ босоход гурван жил шаардагдана гэж байгаа. Бизнес эрхлэгчдийн ойр ирээдүйн төлөв ямар байх бол?

-Ямар ч байсан ийм хүнд нөхцөлийг удаан туулчихсан, цаашаа яах нь мэдэгдэхгүй байгаа учраас дараа жилийн өдий хүртэл хүнд хэвээрээ л явах байх. Тиймээс энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүйн тулд урьдчилсан арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.

Төр засаг нь хөнгөлөлттэй зээл гаргаж өгч чаддаггүй юм бол бонд гаргахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Хувьцаа гаргахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. Санхүүгийн бусад эх үүсвэрүүдээс санхүүжилт хайж олох, тэрнийг авахад нь туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Мөн төр засагт олон тусгай сан бий. Тэр сангуудад маш их хэмжээний мөнгө төвлөрчихсөн байж байдаг. Тэр төвлөрсөн мөнгөнүүдийг зах зээл рүү гаргах хэрэгтэй. Жишээ нь, Тэтгэврийн сан, Нийгмийн даатгалын сан дээр төвлөрсөн мөнгөнүүдийг хөрөнгийн зах зээл дээр гаргадаг ч юм уу, хувьцаа хулдаж авдаг ч юм уу, шинээр бонд гаргаж өөрийгөө санхүүжүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийн бондыг худалдаж авдаг ч юм уу, ямар ч байсан мөнгөжүүлэх арга хэмжээ яаралтай авах шаардлагатай.

Д.Гансаруул

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)