Коронавирусийн халдвартай байсан 15 настай хүү эдгэж ХӨСҮТ-өөс гарчээ
- 2020-06-17
- Нийгэм
- 0
ЭМЯ-аас өнөөдрийн /2020.06.17/-ны ээлжит мэдээллээ хийлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн лабораторид нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Эдгээрээс бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгэрсэн хоёр иргэний нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцаж байгаа оюутан бөгөөд 33 хонон эмчилгээ хийлгэсэн. Нөгөө нь 15 настай хүүхэд бөгөөд 31 хоног эмчилгээ хийлгэж эдгэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 197 байгаагаас 111 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 86 хүний биеийн байдлыг үнэлбэл 78 нь хөнгөн, 8 нь хүлндэвтэр байна" гэсэн юм. Харин ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ “Цар тахлын дэгдэлт 6-8 дугаар сард буурна гэж судлаачид тооцсон ч өдөр бүр халдварын нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Манай улстай хил залгаа ОХУ болон БНХАУ гэсэн хөрш орнуудад коронавируст халдвар дахин гарч байгаа тул бид анхааралтай байх шаардлагатай” гэдгийг сануулаа.
