Д.Нямхүү: Гурван ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрч, таван хүн эдгэрч гарлаа
- 2020-06-19
- Нийгэм
- 0
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.06.19/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 339 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 336 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Эдгээр иргэд нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочид бөгөөд 59 настай ОХУ-ын иргэн, 37 настай Беларусь улсын иргэн, 32 настай манай улсын нэг иргэн байна. Бусад шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 18-нд тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 13 хүний шинжилгээ, Дархан-Уул аймгаас ирүүлсэн 11 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 23 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Сайн мэдээ 5 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр эдгэрсэн иргэд нь бүгд оюутнууд байгаа.
Манай нийт батлагдсан тохиолдол 204 эдгэрсэн тохиолдол 132 боллоо. Харин эмчилгээнд 72 хүн байна. Биеийн байдал хөнгөн 67, хүндэвтэр 5 иргэн байна.

