Шинэ Засгийн газар мэргэжлийн сайдуудаар бүрдэх үү
- 2020-06-29
- Улс төр
- 3
УИХ-ын 2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгууллаа. Өөрөөр хэлбэл, 62 гишүүний суудал авсан МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй боллоо. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох У.Хүрэлсүх дахин 4 жил ажиллахаар болж байна. Гэхдээ ямар Засгийн газар бүрдүүлэхээс хамаарч улс орны эдийн засгийн хувь заяаг шийдэх чухал асуудал тулгараад байна. Мэдээж өнгөрсөн Засгийн газарт ард түмэн дүнгээ тавьсан. Гэхдээ “муу” дүн аваагүй учраас л ийнхүү үнэмлэхүй ялалтын тугийг МАН мандуулсан.
Энэ долоо хоногт шинэ гишүүдийн тангараг өргөх чуулган товлогдоно. Үүний дараа Засгийн газрын бүтцийг баталж, ажилдаа орох юм. Харин шинэ Засгийн газарт хэн багтаж ажиллах вэ гэдэг нь удахгүй тодорхой болно.
Ерөнхийдөө бодлогын 4 яамдын сайд нар “давхар дээл”-тэй буюу УИХ-аас сонгож ажиллуулахаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан. Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам багтаж байгаа юм. Харин бусад яамдын сайдыг гаднаас томилно.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд багагүй ажил хийсэн нь өнөөдрийн сонгуулийн үр дүнгээс шууд харагдаж байна. Тиймээс ард түмэн түүнийг хийж буй ажлаа амжилттай үргэлжлүүлэхийг хүсч буй. Иймийн учир түүнд мэргэжлийн сайдуудаар удирдуулсан баг хэрэгтэй. Хамгийн гол нь мэргэжлийн салбараа мэддэг, туршлагатай хүнийг сайдад томилохыг ард түмэн хүсэж бас хүлээж байгаа. Жилийн жилд мэргэжлийн бус сайд нараар удирдуулснаас салбарын ажил явахгүй, яамдых нь мэргэжилтнүүд сайддаа хичээл заасаар дөрвөн жилийг бардаг хэмээн шүүмжлэл бий.
Тиймээс У.Хүрэлсүх энэ байдлыг тооцоолж сайд нараа дэвшүүлэх биз ээ. Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн тал засахгүй, шударга, зорилготой багаар бүрдэх ёстой. Нэг үгээр хэлвэл мэргэжлийн Засгийн газар бүрдэнэ. Мэдээж МАН-д чадварлаг Засгийн газар бүрдүүлэх нөөц бололцоо бүрэн байгаа. Тиймээс Ерөнхий сайдын шинэ багийг л харах үлдлээ.
Б.Номуун

Сэтгэгдэл (3)
Иргэн: (127.0.0.1)
Тийм боломж байхгүй дээ. Бялууны "тулаанд" хүчтэй нь ялдаг зарчим өнөө хэр хадгалагдаж буй. 33,32 -ыг "эвцэлдүүлэх" асуудал ч байгаа байх, хэрэг мэргээ задруулахаас эмээх нь ч бий л байх, ер нь л хэцүү дээ.
зочин (127.0.0.1)
Мэргэшсэн мэргэжилийн салбартаа ажиллаж байсан туршлагатай хүнийг сайдаар томилох хэрэгтэй.Сургуулийг нь төгссөн ч мэргэжилээрээ ажиллаагүй нөхөд бол яаж ажил явуулахав дээ чадамж чадвахи гэж байдаг юм
ИРГЭН (127.0.0.1)
Мэргэжлийн Сайд байх нь зөв. Гэхдээ төрд ажилласан туршлагатай, бүтээлч, өндөр ёс зүйтэй хүмүүсийг томилоорой Хүрэлсүх минь. Тэр салбартаа ажиллаж байсан, танин мэдэх гэж цаг үрэлгүй шууд ажиллаад явах хүн хэрэгтэй. Таныг зөв шийднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Амжилт.