Францын ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ

Францын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ сарын 22 буюу ням гаригийн сонгуулиар нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авахгүй бол хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын 6-нд зохион байгуулах юм. Харин эхний шатны санал хураалтаас нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авбал ялалт байгуулсанд тооцож, хоёр дахь шатны санал хураалтыг зохион явуулахгүй юм байна. 
Францын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр албан ёсоор эхэллээ. Энэ сарын 22 буюу ням гаригийн сонгуулиар нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авахгүй бол хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын 6-нд зохион байгуулах юм. Харин эхний шатны санал хураалтаас нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авбал ялалт байгуулсанд тооцож, хоёр дахь шатны санал хураалтыг зохион явуулахгүй юм байна. Сонгуулийн эхний шатны санал хураалт орон нутгийн цагаар өглөөний 08.00 цаг /гринвичийн цагаар 06.00/- т эхэлжээ. Санал хураалт оройн 20.00 /гринвичийн цагаар 18.00/ цагт өндөрлөх аж. Энэ удаагийн сонгуульд нийтдээ 45 сая орчим хүн санал өгөх эрхтэйгээс хилийн чанадад ажиллаж, амьдарч буй 880 мянга гаруй иргэнээс санал авах ажлыг өнгөрөгч бямба гаригт зохион байгуулжээ. Сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Николя Саркозигоос гадна есөн нэр дэвшигч өрсөлдөж байна. Ажиглагчдын таамаглаж буйгаар хоёр дахь шатны санал хураалтаас тус улсын дараагийн Ерөнхийлөгч тодрох гэнэ. Барууны орнуудад хүндлэгдсэн Николя Саркози гол өрсөлдөгч Франсуа Олландыг тун бага хувийн саналаар ялна хэмээн таамаглаж байна. Хэрвээ Н.Саркози энэ удаагийн сонгуульд ялалт байгуулбал хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдох юм. Төв барууны үзэлт Н.Саркози хэрвээ энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээвэл 1981 онд хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож чадаагүй Валери Жискар д’Эстенээс хойшхи анхны тохиолдол болно. Харин түүний хүчтэй өрсөлдөгч Ф.Олланд сонгогдвол 1981-1995 онд Францын Ерөнхийлөгчөөр ажилласан Франсуа Миттеранаас хойшхи анхны зүүний үзэлт Ерөнхийлөгчөөр тодрох нь. Тус улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа долоон жил байсныг таван жил болгон богиносгожээ. Хэдийгээр өнөөгийн Ерөнхийлөгч Николя Саркозийг ялалт байгуулна гэж ажиглагчид үзэж байгаа ч сонгуулийн өмнөхөн гарсан түүний талаархи таагүй мэдээлэл, ялангуяа Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафитай холбоотой байсан тухай дуулиан ялагдал хүлээлгэж магадгүй байна. Үүнээс гадна түүний нэр хүнд иргэдийн дунд нэлээд буурсан нь тогтоогджээ. 2007 оны сонгуулиар илүү олон ажлын байр бий болгоно, цалин тэтгэврийг нэмнэ, Засгийн газрын зардлыг бууруулна гэж амласан Н.Саркози амлалтдаа хүрээгүй гэж олон нийт шүүмжилж байна. Эсрэгээрээ Ф.Олланд олон нийтийн салбар дахь ажлын байрыг олон мянгаар нэмэгдүүлж, баячуудад илүү татвар ногдуулж, тэтгэврийн насыг бууруулна гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан нь иргэдийн зүгээс дэмжлэг хүлээжээ. Харин хоёр нэр дэвшигч хоёулаа төсвийн алдагдлыг бууруулж, гадаад өрийг тэглэх зорилготой байгаа юм. Тус улсын хуулиар сонгуулийн өмнөх нэг сарын хугацаанд нэр дэвшигчдийн чансааны талаархи ямар нэг судалгаа явуулахыг хориглодог. Үүнээс өмнө гуравдугаар сарын сүүлээр Олон нийтийн санал бодлын судалгааны төвөөс явуулсан судалгаагаар Н.Саркози сонгуулийн эхний шатанд 26.5 хувийн санал авна гэсэн дүн гарчээ. Харин Ф.Холланд 30 хувийн санал авах дүнтэй гарчээ. Н.Саркозийн араас Марин Ле Пен, Жан-Люк Меланшон нар тус бүр 14 хувийн санал авч бусад нэр дэвшигчийг манлайлах гэнэ. Түүнчлэн “France Television”, “Radio France” болон “Le Monde” сонины захиалгаар “Ipsos” судалгааны компанийн явуулсан судалгаагаар сонгуулийн эхний шатанд Ф.Олланд 29, Н.Саркози 25.5, Марин Ле Пен 16, Жан-Люк Меланшон 14 хувийн санал авах дүн гарчээ. Сонгуульд нэр дэвшиж буй Ардын хөдөлгөөний холбоо намын дарга, Ерөнхийлөгч Николя Саркози, Социалист намын дарга Франсуа Олланд, Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен, Зүүний фронт намын дарга ЖанЛюк Меланшон, МоДем /Ардчилсан хөдөлгөөн/ намын дарга Франсуа Байру нарын дунд гол өрсөлдөөн явагдах нь тодорхой байна.
Э.ТӨГС
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)