Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв
- 2020-08-28
- Улс төр
- 3

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Булгантуяа, Г.Дамдинням, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар Улсын Их Хуралд Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан талаар болон тус бүлгээс явуулах үйл ажиллагааны талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Гишүүд мэдээлэлдээ, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл нэрээр боловсролын салбарт багагүй туршилтууд хийгдэж олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулж байсан тухай болон тухайн туршилтуудаас хамгийн амжилттай хэрэгжиж, үр дүнд нь төгсөгчдийн дийлэнх нь дэлхийн шилдэг их сургуулиудад тэнцэн олон улсын тэтгэлэг ихээр авч чадсан үр дүн гарсан хөтөлбөр бол Кембриж юм гээд цаашид Кембрижийн стандарт бүхий сургуулиудын тоог нэмэгдүүлэх шаардлага, түүнийг дагуулж үндэсний хөтөлбөрийн шинэчлэл хийх, үндэснийхээ боловсролын стандарт, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тиймээс Монголын үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсад өрсөлдөх чадвартай Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулагдсан болохыг гишүүд мэдээлэлдээ дурьдсан юм.

Лобби бүлгийн гишүүд энэ парламентын үед Кембрижийн хөтөлбөрийг нийт хүүхдэд тэгш хүртээмжтэй байдлаар үр дүнд хүргэх гол зорилгоор нэгдэж идэвхтэй үйл ажиллагаа явуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл (3)
Зочин (127.0.0.1)
Тиймээ Кембриж гэсэн үлгэр ярьж сэвэхээсээ өмнө боловсролд буй болсон шударга бус зүйлүүдийг арилгах хэрэгтэй байна. 1.ЕБС төгсөгчдийг Их дээд сургуульд мэдлэг, чадвараар нь бус, төлбөр төлснөөр нь элсүүлдэгийг зогсоох. ЭЕШ үнэндээ өмнө үеийн конкурсээс ч чанаргүй, бас "хэрэггүй" болсон. Учир нь Их дээд сургуулиуд өөрсдөө элсэлтийн журам гаргаж хэн дуртайгаа авч байна. 2.Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаагүй маш олно их дээд сургууль сургалтаар "бизнес" хийж, чадваргүй, ажилгүй дээд боловсролын дипломтай ажилгүйчүүдийг үйлдвэрлэсээр байна. ИДС-ийн тоог эрс цөөлж чанаржуулах цаг болсон. 3.Багшлах боловсон хүчний чадвар хангалтгүй, ёс зүй тааруу, ямар чадваргүй оюутан зүгээр л дипломоо авч байна. 4.Дээд боловсрол, улсын хөгжлийн бодлого, хөдлөмөрийн зах зээлтэй холбогдохгүй байна. 5.Дээд боловсролд үйлдвэрлэлийн дадлага, мэргэжлийн ур чадварын шаардлага хэрэгжихгүй байна. Бид ийм гажуудлуудаа арилгаж байж л чанарын дэвшилд хүрнэ. Кембрижээр биш.
ИРГЭН (127.0.0.1)
Шууд хэлье. Кембриж нь суралцагч массын хөтөлбөр бишээ. Амьдралын өндөр түвшинтэй элит хэсгийн сурагчдад зориулж буй болгосон хөтөлбөр, тэгээд л "арилжааны" гэсэн нэр зүүсэн. Өндөр зардлаас гадна хамгийн гол нь тэр англи соёлд бүрнээ суурилсан гэдэг үнэн шүү. Манай боловсролын тогтолцоо муу биш, хөтөлбөр ч гэсэн. Мэдээж дэлхийн хөгжил, эдийн засгийн болон дижитал хувьсгалтай уялдуулж хийх шинэчлэл бий. Гэхдээ бусдын нэг хөтөлбөр шүтэж, бас хуулж биш. Олон улсын үнэт зүйлс, боловсролын хөгжлийн хандлагыг судалж, Үндэсний хөтөлбөрөө илүү сайжруулж, гол нь багшаа чадваржуулж, нугын нэг сургуулиудаа нэгтгэн томсгож (ер сумдаа томсгох цаг болсон), сургалтын орчиндоо харин томоохон хөрөнгө гаргаж энэ асуудлаа шийдэх нь зөв шүү.
ИРГЭН (127.0.0.1)
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН БОДЛОГЫГ НЭГ УЛСЫН ГАНЦ ХӨТӨЛБӨРТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ МАШ ТЭНЭГ ТОМЪЁОЛОЛ ЮМ. БИД ТУСГААР УЛСЫН ХУВЬД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ИЛҮҮ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ, ИНГЭХДЭЭ ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ШИНЭ, ШИЛДЭГ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ҮНЭТ ЗҮЙЛСЭЭС СУРАЛЦАЖ ТУСГАХ ЁСТОЙ. КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ШИЛДЭГИЙН НЭГ МӨН Л ДӨӨ. ТҮҮНИЙГ ЗАРИМ ЭРДЭМТЭД "АРИЛЖААНЫ" ГЭЖ ОНЦОЛДОГИЙГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ. МАШ ӨНДӨР ЦАЛИНТАЙ БАГШ, ӨНДӨР ӨРТӨГТЭЙ СУРГАЛТЫН ОРЧИН, ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА, СУРГАХУЙН БҮХИЙ ШАТ, ҮНЭЛГЭЭНИЙ НЭМЭЛТ ЗАРДЛУУД, СУРАЛЦАГЧИЙН ӨНДӨР ТӨЛБӨР-ЭНЭ БОЛ КЕМБРИЖ. БАС АНГЛИ СОЁЛД БҮРЭН СУУРИЛСАН. МАНАЙ ЗАЛУУ ГИШҮҮД АСУУДАЛД ӨНГӨЦ ХАНДСАНДАА БАНТАЖ, МУГУЙДАЛЖ ЗҮТГЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР, БОЛОВСРОЛЫН ЯАМЫГ СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНД ТУЛГУУРЛАЖ ЗӨВ ОНОВЧТОЙ АЖИЛЛАХАД НЬ ТУСЛАНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА.