"Ногоонбаатар Эко Урлагийн Наадам"-ын логог зохион бүтээх уралдааны ялагч М.Билгүүтэйд шагнал гардууллаа
- 2020-09-02
- Улаанбаатар
- 0

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Франц хэл, франц хэлтэн орнуудын соёлыг дэмжин ажилладаг Монгол-Францын төв /Улаанбаатар хотын Аллианс Франсез/, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, 976 галерей, Монголын Урлагийн Зөвлөл болон Соёл Урлагийн Их Сургууль зэрэг байгууллагуудын хамтарсан “Ногоонбаатар Эко Урлагийн Наадам”-ыг Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжүүлэн хэрэгжиж байгаа юм.
Тус төслийн логог зохион бүтээх уралдааныг СУИС-ийн Дүрслэх дизайны урлагийн сургуулийн төгсөлтийн ангийн оюутнуудын дунд өнгөрсөн жилийн сүүлээр зарласан ба зохион байгуулагчид, кураторын баг бүрэлдэхүүн шалгаруулалтыг хийж ялагчаар М.Билгүүдэйг тодруулсан юм. Тэрбээр саяхан Европын Холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Марко Ферри болон зохион байгуулагчдын баг бүрэлдэхүүн тус уралдааны ялагчийг хүлээн авч баяр хүргээд уралдааны болзолт шагнал болох Wacom брэндийн таблетийг нь гардуулан өглөө.
“Уралдаан нь миний хувьд жинхэнэ сорилт байлаа. Дизайнеруудын мэргэжлийн хэрэгсэл болох энэхүү таблетын шагналын эзэн болохын тулд би хичээсэн. Би логондоо байгальд ээлтэй хотжилтыг дүрслэн харуулахыг зорьсон” гэж М.Билгүүдэй хүлээн авалтын үеэр хэлэв. Билгүүдэй нь 25 настай, Мандалговь хотод төрсөн ба энэ зун Соёл урлагийн их сургуулиа дүүргэсэн юм. Тэрээр "Монголын нууц товчоо" номын төсөл дээр одоогоор ажиллаж байна. Цаашдаа дизайны сургуульд хамт сурч байсан найз нартайгаа хамтран комик ном бичиж, анимэйшн кино бүтээх зорилготой гэнэ.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү олон улсын эко урлагийн наадмын хүрээнд монгол, герман, франц, чех уран бүтээлчид Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчидтай хамтран ажиллах ба олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх, агаарын бохирдлын хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар мэдлэгийг нь дээшлүүлэх зорилготой юм.
Тус наадмыг 2020 оны хавар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч цар тахлын улмаас олон улсын уран бүтээлчид ирж оролцох боломжгүй болсон ба одоогоор 2021 оны хавар хэрэгжүүлэхээр хойшлуулаад байна.
Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдэл (ЕUNIC) нь Европын холбооны гишүүн 27 орны төлөөлөл болох 36 гишүүнтэй ба 150 гаруй оронд урлаг, хэл соёл, залуучууд, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, соёлын харилцаа, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Орон нутгийн түвшинд тус нэгдлийн гишүүд нь 100 гаруй кластерт нэгдэн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлдэг ба Европын Холбооны дотоод, гадаад харилцаанд соёлын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Харин эдгээр кластеруудыг Бруссель дэх төв нь дэмжиж ажилладаг байна.

Сэтгэгдэл (0)