200 өрхийн дунд түлш борлуулах цэг ажиллана

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын баруун, зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний хоёр үйлдвэр зэрэг ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж буй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан “Тавантолгой түлш” ХХК-ийн түлшний үйлдвэрүүдэд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгав.

Баруун бүсэд орших түлшний үйлдвэр нь 12 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн төлөвлөгөөт их засварын ажил бүрэн дууссан бөгөөд энэ сарын 15-наас эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллах юм байна. Үйлдвэрийн хувьд бүрэн автомат системд холбогдсон талаарх мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хэллээ.

Тавдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд нийт 98,115 мянган тонн түлш үйлдвэрлэж, 24 мянган тонн түлш борлуулжээ.Ирэх арваннэгдүгээр сарын 01-ны өдөр хүртэл нийт 120,000 мянган тонн түлш нөөцлөх төлөвлөгөөтэй байгааг мөн дурдав.

Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэр баригдаж буй. Энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд үйлдвэрийн барилгын явц 45 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин үйлдвэрийн барилга угсралт 57 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь нийт таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй. Нэг блок үйлдвэр нь цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

Нэг ээлжинд 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэнэ хэмээн Зүүн бүсийн үйлдвэрийн ерөнхий инженер М.Жавхлан  хэллээ. Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт зэрэг сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн гэв.

Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд болох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө. Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн бөгөөд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” хэмээн “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нэмэлт мэдээллийг өглөө.

Өнгөрсөн оны хувьд түлш борлуулах 400 цэг ажиллаж, 500 өрхийн дунд нэг цэг ажиллаж байсан бол түлшний хоёрдахь үйлдвэр ашиглалтад орсноор түлш борлуулах 1000 цэг ажиллах юм. Ингэснээр 200 өрхийн дунд нэг түлш борлуулах цэг ажиллах бөгөөд иргэдэд түлш тасралтгүй хүрэх аж. Энэ оны хувьд нийт 900,000 мянган тонн түлш тээвэрлэхээр төлөвлөгөөнд тусгагджээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Үйлдвэрийн нийт ажилтан албан хаагчдын хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд өнгөрсөн онд агаарын бохирдол 50 хувиар буурсан. Энэ жил сайжруулсан түлшний хоёрдахь үйлдвэр баригдаж ашиглалтад орсноор агаарын бохирдол 80 хувиар буурах судалгаа гарсан. Тиймээс ард нийтийн төлөө хамтдаа ажиллах болно” хэмээсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)