Г.Дамдинням: Улсаа хөгжүүлье гэж байгаа бол иргэд чанартай, сайн боловсрол эзэмших ёстой

УИХ-ын нэр бүхий гишүүд ерөнхий боловсролын сургуулийн 10 хувийг Кэмбрижийн хөтөлбөртэй лаборатори сургууль болгох санал гаргаад байгаа юм. Үүний хүрээнд Монголын үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсад өрсөлдөх чадвартай Кембрижийн хөтөлбөртэй дүйцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг дэмжих лобби бүлэг байгуулсан. Гэвч сүүлийн үед УИХ-ын гишүүдийн дээрх санал нь олон нийтийн шүүмжлэлд багагүй өртөх боллоо. Тиймээс тус санаачилгыг гаргасан гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Г.Дамдинням Кэмбрижийн боловсролын талаар тайлбар өгчээ.

 

Тэрбээр “Кэмбриж гэсэн үгэнд их ач холбогдол өгөөд байна л даа. Угтаа бол үндэсний боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд байгаа юм. Үүний тулд хэд хэдэн төрлийн ажил хийх хэрэгтэй. Тухайлбал, сургалт явуулах стандартыг нутагшуулах, чанаржуулж, хөтөлбөрөө сайжруулах, түүнийг дагасан сурах бичгүүдийг гаргах, хөтөлбөрийг олон улсын стандартаар заах багш нарыг бэлдэх, заасан мэдлэгээ үнэлэх шинэ систем бий болгох, багш бэлдэх тогтолцоог сайжруулах, сургуулиудын менежмент, шинэ системийг удирдахад сургах зэрэг нэгэн бүхэл системийг тогтоох шаардлагатай.

 

 

 

Улсаа хөгжүүлье гэж зорьж байгаа бол иргэд нь чанартай, сайн боловсрол эзэмших ёстой. Ингэхийн тулд боловсрол, сургалтын чанараа сайжруулах нь мэдээж. Тиймээс олон улсын стандартад нийцсэн, хамгийн түгээмэл хэрэглэгддэг хөтөлбөрийг нутагшуулж, үндэсний хөтөлбөрөө өргөж гаргах ажил хийж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Кэмбрижийн хөтөлбөр өнөөдөр дэлхийн 160 гаруй оронд нэвтэрчихсэн, тухайн улс орныхоо зан заншил, ёс суртахууны онцлог, нөхцөлд нь ямар нэгэн өөрчлөлт оруулахыг тулгаж шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, монгол хэл, Монголын түүх, уран зохиол зэрэг хичээлийг монгол хэл, агуулгаар нь ордог. Гэтэл “Цэвэр цусны монгол хүнийг устгах гэж байна, колончлолын мэдлэг түгээх гэж байна” гэх мэтээр мушгин гуйвуулж байна. Ний нуугүй хэлэхэд одоогийн орлогын түвшнээрээ ялгаатай боловсрол олдог гажиг тогтолцоон дээр бизнес хийж, асар их ашиг олдог сонирхлын бүлэг, хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцээд байна уу гэж хардаж байна” гэсэн юм.

 

М.Энх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Дарханы иргэн (127.0.0.1)

    2020-09-14

    За муу годил битгий солиороолд бай. Боловсрол, сургуулийн ажлыг үймүүлээд байлгүй чадах юмаа хий.

  • ИРГЭН (127.0.0.1)

    2020-09-14

    Энэ "ногоон" УИХ-ын гишүүнийг том дарга гэж ойлгоод байгаамаа даа. УИХ-ын гишүүн бол сонгогчдын төлөөлөл- ард түмний "зарц" шүү дээ. Нээг л их хөмсөг зангидсан амьтан худлаа яриад суухын. Кембрижийн хөтөлбөр бол арилжааны хөтөлбөр. Массын хөтөлбөр биш шүү. Өндөр өртөгтэй хэрэгжих сургалтын агуулга, өндөр цалинтай шилдэг багш нар, сургалтын үлгэр жишээ орчин, суралцагч амьдрах таатай нөхцөл, алхам тутамдаа төлбөртэй тасралтгүй үнэлгээний тогтолцоо, сургалтын англи соёл. Ийм болохоор л "арилжааны" гэдэг нэр зүүсэн. Энэ нөхөр манай сургалтын зардлаас 20 хувь л илүү зардлатай гээд байгаа нь дэндүү худлаа. Зардал нь олон арав дахин илүү. Зүгээр хулхи "кембриж" хувилбарууд бий. Тэр нь 20 хувь илүү зардалтай байж мэднэ. Бид харин сургалтын чанар тааруу болсны бодит шалтгааныг тогтоох иж бүрэн судалгааг сургууль, багшийн үйл ажиллагаанд тулгуурлан хиймээр. Тэгээд судалгааны дүн, дүгнэлтэд суурилж, боловсролын Үндэсний стандарт, хөтөлбөрөө боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх, багшаа чадваржуулах, сургалтын стандартын орчин бүрдүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна. Кембрижийн хөтөлбөртэй цөөн сургууль байж болох, бас уг хөтөлбөрийн үнэт зүйлсээс авч нэвтрүүлэх нь оновчтой.