Францын ерөнхийлөгч хоёр дахь шатнаас тодрохоор болов

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өнгөрөгч ням гаригт болж өндөрлөлөө. Тус улсын хуулиар эхний шатны санал хураалтаас нэр дэвшигч нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол хоёр дахь шатны санал хураалт явуулна.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өнгөрөгч ням гаригт болж өндөрлөлөө. Тус улсын хуулиар эхний шатны санал хураалтаас нэр дэвшигч нийт сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чадахгүй бол хоёр дахь шатны санал хураалт явуулна.
Энэ удаагийн сонгуульд 10 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас таван нэр дэвшигчийн дунд гол өрсөлдөөн явагдаж, тэдний дундаас Ардын хөдөлгөөний холбоо намын дарга, Ерөнхийлөгч Николя Саркози, Социалист намын дарга Франсуа Олланд нар тунаж үлдлээ. Өөрөөр хэлбэл, эхний шатанд давуу санал авсан хоёр нэр дэвшигч дараагийн шатанд өрсөлдөх эрх авсан юм. Өнгөрөгч 22-ны санал хураалтаар Ерөнхийлөгч Николя Саркози нийт саналын 99.9 хувийг тоолж дууссаны дараа 27.8 хувийн санал авсан гэж “Ассошэйтед Пресс” агентлаг мэдээллээ.
Агентлагийн уламжилснаар түүний хүчтэй өрсөлдөгч Ф.Олланд 28.6 хувийн санал авч Ерөнхийлөгчийг ялимгүй тэргүүлсэн байна. Харин барууны үзэл баримтлалтай Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен 18.06 хувийн санал авч гуравдугаар байранд оржээ. Харин Зүүний фронт намын дарга Жан-Люк Меланшон 11.12 хувийн санал авсан бол МоДем буюу Ардчилсан хөдөлгөөн намын дарга Франсуа Байру 9.11 хувийн санал авчээ.
Харин үлдсэн таван нэр дэвшигч гурваас доош хувийн санал авчээ. Ногоонтнууд намаас нэр дэвшсэн Эва Жоли 2.28 хувийн санал авсан бол LaRouche хөдөлгөөн намын дарга Жак Шеминад 0.25 хувийн санал авснаар чансаа багатай таван нэр дэвшигчийн сүүл мушгижээ. Хэдийгээр Үндэсний фронт намын Марин Ле Пен хоёр дахь шатны өрсөлдөөнд орж чадаагүй ч эцэг Жан-Мари Ле Пений амжилтыг эвдсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа нэр дэвшсэн Үндэсний фронт намын Жан-Мари 2002 оны сонгуульд хамгийн амжилттай оролцож эхний шатанд 16.86 хувийн санал авч хоёр дахь шатанд өрсөлдсөн байна. Харин хоёр дахь шатанд 17.79 хувийн санал авч Жак Ширакт ялагджээ. Ерөнхийлөгч асан Жак Ширак нэгдүгээр шатанд 19.88 хувийн санал авсан ч хоёр дахь шатанд 82.21 хувийн санал авч ялалт байгуулж байжээ.
Хэдийгээр өнөөгийн Ерөнхийлөгч Николя Саркози эхний шатанд Франсуа Олландад ялагдаж, судалгааны дүн түүний эсрэг байгаа ч хоёр дахь шатны санал хураалтад ялалт байгуулж, хоёр дахиа Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэж зарим ажиглагч таамаглаж байна. Үүнээс өмнөх таамаглалд Николя Саркози эхний шатанд гол өрсөлдөгч Франсуа Олландад хэдхэн хувийн саналаар ялагдана гэж дурдаж байсан нь биеллээ олжээ.
Ингэснээр Н.Саркози Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглал уруу шилжсэн 1958 он /Францын тав дахь бүгд найрамдах улс/-оос хойшхи тус улсын түүхэн дэх сонгуулийн эхний шатанд ялагдал хүлээсэн анхны Ерөнхийлөгч боллоо.
Өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр явагдсан хэд хэдэн судалгааны дүнгээр Франсуа Олланд сонгуулийн эхний шатанд 30 орчим хувийн санал авна гэж гарч байсан бол Н.Саркозид сонгогчдын 26 хувь нь саналаа өгнө гэж үзэж байжээ.
Судалгаа явуулсан байгууллагуудын үзэж буйгаар хоёр дахь шатанд Франсуа Олланд ялалт байгуулах магадлалтай байна. “BFM” телевиз, “RMC” радио болон “20 минут” сонины хамтарсан судалгаагаар Ф.Холланд хоёр дахь шатанд 56, Н.Саркози 44 хувийн санал авах бол “France Television” телевиз, “Radio France” радио, “Le Monde” сонины судалгаагаар Ф.Олланд 54, Н.Саркози 46 хувийн санал авах дүн гарчээ. “Europe 1” радио, “Paris Match” сэтгүүл, “Public Senat” телевизийн судалгаагаар Ф.Олланд 54.5, Н.Саркози 45.5 хувийн санал авах төлөвтэй байна.

Э.Төгс

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)