Мэндчилгээ

Монгол орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө тэмцэж хөдөлмөрлөж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ Олон улсын ахмад настны эрхийг хамгаалах өдөр-Монголын ахмадын баярын мэндийг Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг “Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр” болгон зарласны дагуу манай улс энэ өдрийг Ахмад настны баярын өдөр болгож 29 дэх жилдээ орон даяар өргөн хүрээтэй тэмдэглэсээр ирлээ.                                    

Монгол Улсын Ерөнхий сайдын явуулж ирсэн бодлого, үйл ажиллагаа, шударга ёс тогтоохын төлөө ил тод тэмцэж манлайлагч нөлөө өндөр байсны үр дүнд УИХ-ын ээлжит 8 дахь удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж сонгогч олон түмний итгэлийг хүлээж Засгийн газраа дангаараа байгуулан ажиллаж байгаа онцлог үед Ахмадын баярыг төв, орон нутагт өргөн тэмдэглэж байна.

Монгол Улсын УИХ, Засгийн газар өнгөрсөн дөрвөн жилд Ахмад настнууд руугаа чиглэсэн хэд хэдэн чухал шийдвэрүүд гаргаж, Ахмад настны тухай, Насны хишиг олгох тухай хуулиудыг баталж билээ. Ахмад настны тухай хуулиар  нийт ахмадуудын эрх, нийтлэг ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх үндэсний хэмжээний бүтэц, тогтолцоо бүхий “Монголын ахмадын холбоогоор ахмадын холбогдолтой төрийн тодорхой чиг үүргийг гэрээлэн гүйцэтгүүлж байх” тухай асуудлыг хуульчилж, улмаар Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоол гаргаж Монголын ахмадын холбоогоор гүйцэтгүүлэх төрийн чиг үүргийн хүрээг тогтоож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголын ахмадын холбоотой жил бүр хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа нь эрх зүйн чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм.

Засгийн газрын 2019 оны 221 дүгээр тогтоолоор Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар Засгийн газрын гишүүд, Аймаг, нийслэлийн засаг дарга, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нийт байгууллагын удирдлагад тусгайлсан үүрэг даалгавар өгч, Нийслэл хотод “Ахмадын хөгжлийн ордон” байгуулах зураг төсөв, газар, холбогдох зардлыг 2020 оны нийслэлийн төсөвт тусган шийдвэрлэхээр уг тогтоолд заасан нь Ахмад настны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.

 

2020 оны эхээр ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлсэнд тэтгэврийн олон зуун ахмадууд талархал илэрхийлсээр байна.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 389 дүгээр тогтоолоор “Ахмад настны хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталж уг хөтөлбөрийг сурталчилан хэрэгжүүлэх талаар төв, орон нутгийн ахмадын байгууллагууд идэвх санаачлагатай ажиллаж байна.

 

Төр, засгаас баталж гаргасан дээрх хууль, тогтоол шийдвэрийг цогцоор нь хэрэгжүүлж, эхлүүлсэн ажил, арга хэмжээ нэг бүрийг бүх түвшинд нэг ойлголт, нэгдмэл үйл ажиллагаагаар төрийн ажлын залгамж чанарыг хадгалж ажиллах явдал юу юунаас илүү чухал болж байна.

 

Саяхан Монголын ахмадын холбооны Удирдах зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж ахмад настнуудын өмнө тулгамдсан дор дурдсан асуудлуудад анхаарлаа хандуулж холбогдох арга хэмжэ авах талаар санал хүсэлтээ хүргүүлээд байна. Үүнд:

 

1. Засгийн газраас тогтоосон тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоож тэтгэврийн зөрүүг арилгахад тухайн тэтгэвэр авагчид  хэдэн төгрөг нэмж шаардагдахыг тогтоож, 2010 оноос өмнө тэтгэвэр тогтоогдсон хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгахад онцлон анхаарах, ялангуяа 70 ба түүнээс дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг 2021 оны нэгдүгээр улиралд багтаан бүрэн барагдуулах, жил бүрийн улсын төсөвт зөвхөн тэтгэврийн зөрүүг арилгахад зориулж 200-аас доошгүй тэрбум төгрөгийг  нэмж тусгах замаар 2021-2024 онд багтаан бүрэн шийдвэрлэх бодлого баримтлах 

 

2. 2021 он бол түүхт ойнууд тохиосон нэн онцлог жил болж байгаагийн дотор Монголын ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиох тул энэхүү түүхэн ойг тохиолдуулан “Монголын ахмадуудын улсын II чуулган”-ыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, ахмадуудын өмнө тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг хэлэлцүүлж бодлогоо тодорхойлох   

 

3. Нийслэл хотод “Монголын ахмадын хөгжил төв” байгуулах зураг төсөв, газрын асуудлыг 2020 онд бүрэн шийдвэрлэж, Герентологийн үндэсний төвийн барилгыг 2021 онд ашиглалтанд оруулах арга хэмжээг 2021-2022 оны улсын төвлөрсөн төсөвт тусган бүрэн шийдвэрлэх

 

4. Ахмад настнуудын амьжиргааг дэмжих, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зорилгоор тэдэнд зориулж ажлын байр  нэмэгдүүлэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн эх үүсвэрээс 20 хүртэл хувийг тусгайлан хуваарилж ахмад настнуудын хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмждэг  журам тогтоох

 

5. Орон гэргүй ахмад настнуудад “түрээслэн эзэмшээд өмчлөх” зарчмаар түрээсийн орон сууц олгох журмыг хялбаршуулж ахмад настнуудад оногдох квотыг 30-аас доошгүй хувьд хүргэх

 

6. Эрүүл мэндийн даатгалын сангаас ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жорыг өрхийн эмнэлгүүд сарын туршид бичиж тухайн сардаа аль ч эмийн сангаас эмээ чөлөөтэй авах журам тогтоож, хөрөнгийн эх үүсвэрийг эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн сангуудад хүрэлцээтэй хувиарлаж, ахмадуудад чирэгдэлгүй үйлчлэх шуурхай арга хэмжээ авах

 

7. Монголын ахмадын байгууллагуудын интернет сүлжээ, техник тоноглол, материаллаг баазыг бэхжүүлэхэд гадаад, дотоодын хандив тусламж төсөл, хөтөлбөрөөр дамжуулж тусгайлан дэмжлэг туслалцаа үзүүлэх ялангуяа Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 124 дүгээр тогтоолыг үндэслэн Монголын ахмадын холбооны санхүүжилтийн хэмжээг Ерөнхий сайдын 2018 онд Ахмадын дээд, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөний төлөөлөгчидтэй уулзах үеэр илэрхийлсний дагуу жилд 450.0 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлж, ахмадын байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх       

 

8. Засгийн газрын 2019 оны 221 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, орон нутагт ахмадын байр, ордон өргөө, танхим байгуулж тохижуулах, тэдгээрийг хэвийн ажиллуулахад тухай шатны Засаг дарга нараас бодитой туслалцаа дэмжлэг үзүүлэх, ахмадын байгууллагуудын үйл ажиллагааны зардал, идэвхтэн сонгуультны цалин урамшууллыг нэмэгдүүлэх талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт чиглэл өгөх         

 

Эдгээр асуудлыг Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд анхаарлынхаа төвд байлгаж Монголын ахмадуудын олон жилийн туршид тавьсан санал хүсэлтэнд бодитой хариу өгч дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

 

Ахмад настны баярын өдрийг угтаж улсын хэмжээнд бүтээлч 2 сарын ажлын хүрээнд настан буурлууддаа зориулсан соёл урлаг, спортын төрөл бүрийн арга хэмжээг орон даяар зохион байгуулж орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгж байгууллагуудаас ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлсээр байна.

 

Эрхэм хүндэт ахмад буурлуудаа Ахмадынхаа өдрөөр сайхан баярлаж эрүүл энх, урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөл өргөн хүндэтгэе.

 

МОНГОЛЫН АХМАДЫН ХОЛБООНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ                                                     Ц.СҮХБААТАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)