Тогтоолын төслийг баталж, Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов
- 2020-10-08
- Улс төр
- 0

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.08) нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.
Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 07 дугаар дүгнэлтийг сонсож танилцав
Нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 07 дугаар дүгнэлтийг сонсов. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалан нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Үндсэн хуулийн цэц 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 1, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, мөн зүйлийн 2, Тавин хоёрдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд 07 дугаар дүгнэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгч гомдлыг хянаж үзээд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.”, 5 дахь хэсэгт “Шүүгч дараахь үндэслэл тогтоогдвол гомдол, эсэргүүцлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:”, 6 дахь хэсэгт “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүгчийн шийдвэрийг гомдол, эсэргүүцэл гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц, ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...”, Тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна гэж дүгнэсэн байна.
Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлэв.
Зарим хууль тогтоомжийн төслийг буцаах тогтоолын төслийг батлав
Дараа нь “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы энэ сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналыг харгалзан тогтоолын төслийг Байнгын хорооны дахин хэлэлцэж, ойлголт, саналаа нэгтгэн асуудлыг эцэслэх чиглэлийг хуралдаан даргалагч өгсөн. Энэ үндсэн дээр Хууль зүйн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн хууль санаачлагч нь өөрчлөгдсөн, зарим төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал авах шаардлагатай байгаа тул тогтоолын хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шидйвэрийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаахаар тогтоолын төсөлд тусгажээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн нийт 90 гаруй хууль тогтоомжийн төслүүдийн талаар Засгийн газар, холбогдох Байнгын хороодоос санал авсны үндсэн дээр тогтоолын хавсралтад тусгасан 33 хуулийн төсөл, Улсын Их Хурлын таван тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаахаар төсөлд тусгасан байна.
Ингээд Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжлээ.
Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг баталлаа
Дараа нь “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм.
Эрүүл мэндийн тухай хуульд эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Үндэсний зөвлөл, нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын байгууллага, аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтэс, сумын эрүүл мэндийн даатгалын байцаагчаас бүрдэнэ. Эрүүл мэндийн даатгалын удирдах дээд байгууллага нь Үндэсний зөвлөл байна гэж заасан.
Үндэсний зөвлөл нь Засгийн газрыг төлөөлж санхүү, төсвийн, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тус бүр нэг хүн; даатгуулагчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагыг төлөөлсөн гурван хүн; ажил олгогчийн олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлсөн байгууллагыг төлөөлж гурван хүн, нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх хуулийн зохицуулалттай.
Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд Засгийн газар шинээр бүрдсэнтэй холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүн С.Чинзориг, Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний зөвлөлийн дарга Д.Сарангэрэл нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх шаардлага үүсчээ. Энэ үндсэн дээр хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг томилуулахаар төсөлд тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Энхбаяр, Ц.Мөнх-Оргил, Ж.Мөнхбат нар Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл жилд 100-гаад хүн эх орондоо эмчлүүлэх боломжгүйн улмаас гадаад улсыг зорьж хамаг байдгаа шавхаж эмчлүүлэхэд хүрдэг. Иймээс магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн гадагшаа явж эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай нэг өвчтөнд төрөөс 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болмоор байна. Ийм аргаар Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санд байгаа 30 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулж, гадаадад явж эмчлүүлэх 100 хүнд 10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлдэг журам гаргавал их буян болно байх. Энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд анхааралдаа авмаар байна гэсэн санал хэлсэн юм.
Ингээд Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг Засгийн газрыг төлөөлсөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив.
Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар томилов. Түүнчлэн С.Чинзориг, Д.Сарангэрэл нарыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөв. Үүгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)