“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх хавар эхэлнэ
- 2020-10-10
- Улаанбаатар
- 1

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2020.10.09) Сүхбаатар дүүрэгт ажиллаж, “Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл” болон “Үндэсний урлагийн их театр”-ын барилга барих талбайн газар чөлөөлөх ажлын явцтай газар дээр танилцав.

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай болон албаны бусад хүмүүс ажиллалаа.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын ажил ирэх хавар эхэлнэ
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжинэ. Монголын талаас газар чөлөөлөх, зураг төсөл бэлэн болгох, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээсэн.


Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг хуучин нэрээр Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлага бий бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл 30 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдах юм байна. Ирэх хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэдгийг салбарын сайд хэллээ.


Сэтгэгдэл (1)
Nam bus irgen (202.70.36.122)
Undur undur barilga barih yah vee huu. Huuhed hugshid togloh narlah talbai hun amidrah nuhtsuliig ni burduuleh heregtei. Zogsool hangalttai baih yostoi. Toonoos chanar gedegsen.