​А.Ариунзаяа: Халамж олгохоос илүүтэй хөдөлмөр эрхлэх систем тогтолцоо руу оруулах тал дээр анхаарна

 

Нийгмийн халамж хавтгайрч нэг сумын бараг тал хүн нь халамжийн мөнгө авч байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл нийгмийн халамжийн хавтгайрсан энэ асуудал дээр ямар зохицуулалт хийж ажиллах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа.

Тэрээр “2019 онд манай улсын нийт хүн амын 62.5 хувь нь ямар нэгэн нэр төрлийн халамж авдаг байсан бол энэ тоо 2020 онд өсөн нэмэгджээ. Нийтдээ 2 сая иргэн халамж авч байгаа мэт харагдаж байгаа ч 18 нас хүртэлх хүүхэд буюу 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөгийг халамжийн сангаас олгож байна. Мөн хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 243 мянган иргэн, цалинтай ээж 243 мянган хүн, эхийн алдар буюу одонгийн мөнгийг 225 мянган иргэн, ахмад настанд үзүүлэх дэмжлэг буюу насны хишгийг 141 мянган ахмад авч байна.

Өнөөдрийн яригдаж байгаа хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тэтгэмжийн хувьд улсын хэмжээнд нийт хүн амын ¾ хувь байгаа юм. Үүнээс Баян-Өлгий аймаг хамгийн өндөр буюу 9.9 хувийг эзэлж байна. Яг ямар учраас энэ аймагт хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд ийм өндөр байгааг судалж, учир шалтгааныг  тогтоох хэрэгтэй. Үүнд байгаль орчны нөхцөл тэдгээр хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байж болно шүү дээ. Тэгэхээр төр засгаас үүн дээр анхаарч учир шалтгаан нь юу юм, түүнийг хэрхэн яаж засах уу, ард иргэдийнхээ эрүүл мэндийг яаж хамгаалах уу гэдэг дээр бодлогоо дэвшүүлэх ёстой. Нөгөө талаас үүнд байгаль орчны шалтгаан биш механик өсөлтүүд байгаа бол хэн, яагаад, ямар хариуцлага тооцох уу гэдэг асуудал дээр анхаарах хэрэгтэй. Энд төрийн хяналтаас гадна олон нийтийн оролцоо чухал.

Бид өнөөдөр халамжийн бодлогыг хумих цаг нь болсон. Нэг өрх дээр хэчнээн халамжийн үйлчилгээ давхардан олгогдоод байгаа юм бэ гэдэг дээр ажиллаж, давхардан олголтыг хязгаарлах тал дээр анхаарна. 

Төрийн албан хаагчийн дундаж цалингаас халамжийн нийлбэр нь хэтрэхгүй байна гэсэн зохицуулалт байж болох уу, үгүй юү. Жишээлбэл нэг өрх дээр 1.5 сая төгрөгийн халамжийн мөнгө давхардсан олголтоор олгогдож байгаа гэж бодоход  төрийн албан хаагчдын дундаж цалин 700 мянга.

Тэгэхээр ажилтай байх уу, халамжийн мөнгө аваад амьдрах уу гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Энэ бол байж боломгүй асуудал юм. Тэгэхээр халамж олгохоос илүүтэй хөдөлмөр эрхлэх систем тогтолцоо руу оруулахын тулд бид хяналт болон бодлого хоёроо сайн уялдуулах байдлаар зохицуулах хэрэгтэй.

Хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа 243 мянган иргэн хуульд зааснаар жилдээ хоёр удаа олон нийтийн ажилд оролцох үүрэгтэй. Гэтэл энэ хууль хэрэгждэггүй. Үүнд хариуцлага тооцох тогтолцоо байхгүй байна. Тэгэхээр цаашлаад халамж авч байгаа иргэнд хариуцлага тооцдог тогтолцоог сайжруулна.

Бид халамж олголтыг  хянахын тулд  "E-halamj" нэгдсэн системийг нэвтрүүлсэн. Уг халамжийн нэгдсэн систем нэвтэрснээр төрийн байгууллагаас авдаг байсан 39 нэр төрлийн бичиг баримтыг цахимаар авч заавал өөрийн биеэр очих шаардлагагүйгээр авах боломжийг бүрдүүлсэн байна. Халамжийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнээр төрийн байгууллага дээр байгаа бүртгэлийн зөрүү гарахгүй.

Цаашлаад нэг хүн, нэг айл өрхийн хэдэн гишүүн хэдэн төрлийн халамж авч байгааг нарийвчлан судалж, мэдэх боломжтой” гэлээ.

Эх сурвалж: itoim.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)