“УНХА-3”-ын бүтэлгүйтэл хойд солонгосыг хилэгнүүлжээ
- 2012-04-26
- Дэлхий
- 0
Хойд Солонгос Өмнөд Солонгост дайн зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Сөүлийг бөмбөгдөнө хэмээн заналхийлж байсан билээ. Тэгвэл саяхан тус улсын албаныхан өмнөдийн эсрэг урьд өмнө үзэгдээгүй байлдааны ажиллагаа явуулахыг байг гэх газаргүй хэмээн мэдэгдэв. 

-Хойд Солонгос өмнөдийн эсрэг “үзэгдээгүй”
ажиллагаа явуулж магадгүй-
Хойд Солонгос Өмнөд Солонгост дайн зарлахад бэлэн байгаагаа мэдэгдэж, Сөүлийг бөмбөгдөнө хэмээн заналхийлж байсан билээ. Тэгвэл саяхан тус улсын албаныхан өмнөдийн эсрэг урьд өмнө үзэгдээгүй байлдааны ажиллагаа явуулахыг байг гэх газаргүй хэмээн мэдэгдэв. Өмнөдийн ажиглагчдын хэлснээр энэ нь Ёнпён арал уруу их буугаар буудаж, дөрвөн хүний аминд хүрснээс хамаагүй илүү хорлонтой байж мэдэх гэнэ. Мөн өмнө нь мэдэгдэж байсан Сөүлийг бөмбөгдөнө гэдэг заналхийлэл дахин ирсэн гэв. Түүнчлэн Хойд Солонгосын хүчнийхэн өмнөд хөршийнхөө удирдлагуудын байрлалыг хараандаа авснаа сануулсан байна. Энэ нь Сөүл хотыг заналхийлсэн үг гэнэ. Хойд Солонгосын Батлан хамгаалахын мэдэгдэлд дурдсанаар тусгай хүчин дээрх байг үнс нурам болтол сүйтгэх ажиллагааг “удахгүй” эхлүүлэх гэнэ. Хойд Солонгос эл мэдэгдлээс өмнө өнгөрөгч баасан гаригт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён-Бакийн тус улсын эсрэг хийсэн мэдэгдлийг шүүмжилж түүний амь насанд халдахыг уриалсан олон нийтийн жагсаалыг зохион байгуулсан байна. Сөүлийн удирдлагууд өнгөрөгч долоо хоногт хойд хөршийг чиглэсэн пуужингууд нэмж байршуулснаа мэдэгджээ. Өмнөдийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдээлснээр дээрх пуужингууд 1000 километрийн тусгалтай. Энэ нь Хойд Солонгосын аль ч цөмийн байгууламж, пуужингийн систем байрлаж буй газарт хүрч, цохилт өгөх чадвартай гэсэн үг аж. Хойд Солонгос өмнөдийн Ерөнхийлөгчөөс гадна батлан хамгаалахын сайд болон бусад албаны хүмүүс шинжээчдийг урвагч гэж цоллохын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг олон нийтийг төөрөгдүүлж санаа бодлыг нь эргүүлж байна гэж урвагчдын жагсаалтад оруулснаа мэдэгдэв. Хойд Солонгосын Батлан хамгаалах яамны энэхүү мэдэгдлийг тус улсын төрийн төв телевизээр нэвтрүүлээд зогсохгүй нэвтрүүлэгч “Урвагчдын бүлгийг гэсгээх манай хувьсгалт зэвсэгт хүчний тусгай ажиллагаа тун удахгүй эхэлнэ” гэжээ. “Би-Би-Си” агентлагийн сэтгүүлч Люси Уильямсоны хэлснээр Хойд Солонгос энэ сарын 13-нд хөөргөсөн пуужин бүтэлгүйтсэний дараа тун ууртай болсон гэнэ. Хойд Солонгос НҮБ-аас хориглосон пуужингийн технологийг ашиглан туршилт явуулсанд Пхеньяний эрх баригчдыг олон улс одоо ч буруушаасаар байгаа юм. Хойд Солонгос И Мён-Бакийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн 2008 оноос хойш өмнөд хөрштэйгээ таагүй харилцаж байна. И МёнБак гарч ирснээр Өмнөд Солонгос умардын эсрэг “хатуу” бодлого баримталж байгаа юм. Үүнээс өмн ө Өмнөд Со лонгос хойд хөрш дөө тогтмол хүнс ний тусламж үзүүлж байжээ. Харин шинэ Ерөн хийлөгч умардын эрх баригчдыг цөмийн үйл ажиллагаагаа бага хэмжээгээр ч болов бууруулсан тохиолдолд л хүнсний тусламж илгээж байна. Саяхан Өмнөд Солонгос, АНУ, Япон улсын төлөөлөгчид уулзалдах үеэр цөмийн хөтөлбөрөө тодорхой хувиар бууруулж хүнсний тусламж авсны дараа энэхүү хөтөлбөрөө дахин сэргээж байгаа Пхеньяний эрх баригчдын залхай үйлдлийг хэлэлцээд үүний эсрэг хатуу байр суурь баримтлахад нэгджээ. Энэ нь Хойд Солонгост хүнд цохилт болсон бөгөөд үүний дараа Өмнөд Солонгосыг удирдагч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойгоор зарцуулсан хөрөнгийг дурдсанд туйлын ихээр бухимдаж байна.
Тус улсын хөрш Өмнөд Солонгос, Японоос гадна Ази, Европын орнууд хүнсний тусламж үзүүлэхээ зогсоосноор эдийн засаг, улстөрийн хориг тогтоолгосон Хойд Солонгос ойрын таван жилдээ пуужин хөөргөж “толгой өвтгөхгүй” гэнэ. Учир нь тус улс олон улсын тусламж дэмжлэгтэйгээр дотоодын нөөц бололцоогоо шавхан гурван жилд нэг удаа пуужин хөөргөдөг. 2006, 2009 онд хөөргөсөн “Унха-1”, “Унха-2” пуужингийн туршлага дээр тулгуурлан илүү том хэмжээтэй, их хөрөнгө шаардсан “Унха-3”-ыг хөөргөсөн ч амжилтад хүрээгүй. Иймээс Хойд Солонгос ихэд хилэгнэж байгаа юм. Түүнчлэн “үзэгдээгүй ажиллагаа” явуулахаа зарласан тус улс Хятадыг Пхеньяний гол холбоотон хэмээн мэдэгдэж харилцаагаа улам сайжруулахыг хүсч байна.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)