Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа
- 2020-11-11
- Улс төр
- 0

Засгийн газраас 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн танилцуулав.

Төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна. Мөн визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг тусгажээ. Ингэхдээ цахим хэлбэрээр виз олгож эхлэх урьдач нөхцөлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах талаарх зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай болохыг харгалзан үзсэн байна. Энэ зорилгоор одоогийн хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зохицуулалтыг шинээр тусгасан байна. Түүнчлэн, Монгол Улсыг зорих гадаад иргэдэд визийн үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэгт визийн төвийг байгуулах нь оновчтой шийдэл гэж үзэж хуулийн төсөлд энэ талаар тусгажээ.
Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэхийг хуралдаан даргалагч сануулж, төслийн зүйл бүрийг уншиж танилцуулсны дагуу гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил нар болон Ажлын дэд хэсгийн гишүүд хариулт өглөө. Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь визийн уян хатан зохицуулалтаас гадна Монгол Улсад ирж байгаа гадаад иргэнд тавих хяналтыг өндөрсгөх зохицуулалт болох талаар Ажлын хэсгийн гишүүд хариултдаа тэмдэглэсэн юм.


Сэтгэгдэл (0)