Сэлэнгэ аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрлээ
- 2020-11-12
- Улс төр
- 0

Өнөөдөр 2020.11.12-ны Пүрэв гаригийн 19:00 цагаас УОК хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонсож, зарим шийдвэрүүдийг гаргалаа.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хандсан 74 настай эмэгтэйгээс хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээгээр коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Тухайн иргэнийг ХӨСҮТ-д тээвэрлэн авчирч буй бөгөөд PCR шинжилгээг авч, эцсийн хариуг баталгаажуулан гаргах юм.
Тухайн иргэн нь 2020.11.06-ны өдөр халуурч, 2020.11.08-ны өдөр эмнэлэгт хандсанаар тандалт шинжилгээнүүд хийгдэж, коронавирусын хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гараад байна. Иймд тухайн иргэний нэг, хоёрдугаар зэргийн болон дам хавьтагчдыг тандалтаар илрүүлж Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлаж шинжилгээнүүдийг авч эхлээд байгаа аж. Мөн Дархан-Уул аймагт нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд шинжилгээний хариу нь гараагүй байна. Иймд УОК-ын хуралдаанаас УОК-ын орлогч дарга, БХ-ын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад үүссэн нөхцөл байдалд шуурхай удирдлагаар ханган ажиллуулахаар илгээлээ.
74 настай иргэний зорчих хөдөлгөөн, эрүүл мэндийн илэрсэн шинж тэмдэгээс үзвэл Улаанбаатар хотод ачаа тээврийн жолоочоос илэрсэн коронавирусын халдварын тархалттай холбоогүй байж болзошгүй байна. Холбогдох цагдаа, тагнуул зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагын албан хаагчид хаанаас халдварласныг тогтоохоор тандалт судалгаа хийж байна.


Сэтгэгдэл (0)