Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 5,600 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй

Өнөөдөр (2020.11.17) Сэлэнгээс илэрсэн хоёр тохиолдлын нэг нь цагдаагийн алба хаагч бөгөөд түүний халдвар авсан замыг тогтоож чадаагүй байсан билээ.

Тэгвэл халдвартай иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Дархан-Уул аймаг руу явсан маршрут тогтоогдсон бөгөөд тус аймагт худалдаа, үйлчилгээ эрхлэгч нэг иргэнээс өнөөдөр коронавирусний халдвар илэрч, нарийвчилсан шинжилгээгээр батлагдсан байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатарын голомтоос 10, Сэлэнгийн голомтоос 4 тохиолдол батлагдсан тоо хэвээр байгаа. Сэлэнгэ, Дарханы төмөр замын урсгалыг дагасан халдварын тохиолдол, Улаанбаатар гээд манай улсад хоёр хэсэг багц тохиолдол бүртгэгдсэн. Улаанбаатар хотын багц өвчний ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, хүрээг цомхотгож, хяналтдаа аваад байна.

2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн байдлаар улсын хэмжээнд Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д долоо, Сэлэнгэ аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийт 22 тохиолдол бүртгэгдээд байна.

Улаанбаатар хотын 10 тохиолдлын дам хавьтал болох 5,600 гаруй хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Сэлэнгэ аймагт хатуу хөл хорио тогтоож ойрын хавьтлын 200 хүнд шинжилгээ хийгээд байна.

Энэ долоо хоногт багтаан аймгийн төвийн 25 мянга гаруй хүн болон Алтанбулаг сумын бүх иргэнийг шинжилгээнд хамруулах юм. Дархан-Уул аймагт тэг зогсолт хийн 10 мянга орчим хүнийг шинжилгээнд хамруулаад байна.

Хэнтий аймгийн сэжигтэй 10, Ховд аймгийн хоёр тохиолдолд хийсэн шинжилгээний эцсийн хариу сөрөг гарчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай