ЗӨРҮҮД ЗАН НЬ Б.АССАДЫГ М.КАДДАФИЙН АРААС ИЛГЭЭХ БОЛОЛТОЙ
- 2012-04-27
- Дэлхий
- 0
Сирийн хүчирхийллийг энхийн замаар зогсоох олон улсын төлөвлөгөө удаа дараа хэрэгжихгүй байгаагаас цэрэг, техник оруулж асуудлыг шийдэх саналыг Францын Засгийн газар дахин тавилаа.

Сирийн хүчирхийллийг энхийн замаар зогсоох олон улсын төлөвлөгөө удаа дараа хэрэгжихгүй байгаагаас цэрэг, техник оруулж асуудлыг шийдэх саналыг Францын Засгийн газар дахин тавилаа. Тус улс хүчирхийллийг энхийн замаар зогсоохыг хүсэхгүй байгаа Сирийг хэзээ болтол харж суух вэ хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сануулахын зэрэгцээ цэрэг оруулах зөвшөөрөл өгөхийг хүссэн байна. Үүнээс өмнө Франц Улс Сирид цэрэг оруулах санал тавьсан ч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн Орос, Хятад улсууд эсэргүүцсэний улмаас дэмжигдээгүй юм. Мөн Франц саналаа АНУ-д тавьж дэмжихийг хүссэн ч Цагаан ордны өнөөгийн тэргүүн Орос, Хятадтай сөргөлдөхийг хүсээгүй бололтой, харзная хэмээжээ. Барак Обама Николя Саркозид “Сири рүү шууд зэвсгийн хүчээр дайрахын оронд эдийн засаг, улстөрийн хориг арга хэмжээний бүсээр чангалаад үзье. Б.Ассад ямар нэгэн хариу үйлдэл үзүүлнэ. Түүнийг хүлээе” гэж хэлсэн гэнэ. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгчийг бодвол цэргийн хүч хэрэглэхэд тийм ч таатай ханддаггүй Барак Обамагийн үед Ливид цэрэг оруулах ажиллагааг Франц толгойлсон юм. Франц Улс Ливид цэрэг оруулах НАТО-гийн ажиллагааг тэргүүлж, Муаммар Каддафийг түлхэн унагасан билээ. Хэрвээ Франц Сирид цэрэг оруулбал иргэдийн жагсаалыг хүчээр дарахыг оролдон, олон улсын шаардлагаас татгалзаж байсан Муаммар Каддафид тохиолдсон шиг явдал Башар аль-Ассадыг ч тойрохгүй нь тодорхой билээ. Арабын лиг, НҮБ-ын энхийн төлөвлөгөөг “Зарим заалт нь таалагдахгүй байна” хэмээн удаа дараа буцаасан Сири Улс Кофи Аннаны төлөвлөгөөг хүлээн авсан юм. Нэрт дипломатч улстөрийн шинэчлэл хийж ардчилсан орон болгох, Ерөнхийлөгчөөс огцорч өөр хүнд энэ албыг шилжүүлэх зэрэг Башар аль-Ассадын эсэргүүцсэн олон заалтыг хасч зургаан заалттай төлөвлөгөө боловсруулсан билээ. Үүнд ердөө улстөрийн хоригдлуудыг суллах, хот, суурингуудаас цэрэг, техникээ гаргах, галаа зогсоох, хүмүүнлэгийн тусламж, ажиглагч, сэтгүүлчдийн багийг саадгүй нэвтрүүлэх, сөрөг хүчнийхэнтэй ширээний ард суух л багтжээ. Харамсалтай нь, Сирийн Засгийн газрын тэргүүн Башар аль-Ассад энэ бүхнийг заасан хугацаанд биелүүлэхээс цааргалж, төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах ажиглагчдын багийг ирэх үед ч, ирсэн хойно ч хүчирхийлэл үйлдсээр байгааг Францын Засгийн газар сануулав. Засгийн газрыг эсэргүүцсэн хот, нийслэл, суурингаас Хомс хот л хүчирхийлэлд өртөлгүй дангаараа үлдээд байсан юм. Гэтэл Хомс хотын иргэд Б.Ассадыг огцрохыг шаардсаны төлөө тэрбээр хотыг их буу, танк, миномётоор галлаж олон зуун хүний аминд хүрсээр байгаа аж. Олон улсын зүгээс түүнийг эл үйлдлээ зогсоохыг шаардсан ч Хомс хотод зэвсэглэсэн террорист этгээдүүд орогнож байна гэж Б.Ассад өөрийгөө зөвтгөж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс томилогдсон ажиглагчдын багийг Дамаскт газардах үеэр Б.Ассадын тушаалаар армийнхан Засгийн газрыг эсэргүүцэж эхэлсэн Хама хотод халдаж, хэдхэн өдрийн дотор 100 орчим хүний аминд хүрчээ. Ингэснээр тус улсад одоогийн байдлаар 10000 хүн амь үрэгдээд байна. 13 сарын хугацаанд ийм тооны хүн амь үрэгдсэнийг НҮБ-ын шинэ тооцоололд дурджээ.
Э.Төгсжаргал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)