Архангайн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүйгээр нийслэл рүү нэвтрүүлнэ

Архангай аймгаас нийслэлийг зорьсон иргэн уржигдар буюу арванхоёрдугаар сарын 07-нны өдөр 22:00 цагийн үед 22-ын товчоон дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй хүлээсээр нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Талийгаач аймагтаа түргэвчилэн оношлуураар шинжилгээ өгөхөд "Covid-19" халдвар илрээгүй гэж гарсан ч Архангай аймгийн хэмжээнд PCR шинжилгээний аппарат байхгүй, сорьц зөөвөрлөх шаардлага тулгарсан учраас явуулын лабораторийг 22-ын товчоон дээр ажиллуулах явцад дээрх харамсалтай хэрэг гарчээ. Тэгвэл Архангай аймгийн онцгой комисс өчигдөр /2020.12.08/ хуралдан “Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад сумын иргэдийн орон нутаг болон нийслэл хот руу зорчих хөдөлгөөнийг зохион байгуулахдаа түргэвчилсэн оношлуурын шинжилгээ болон асуумжын хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг сахиулж бүртгэлийг эхлүүлэх” шийдвэр гаргажээ. Ингэснээр Архангай аймгийн иргэд PCR шинжилгээ өгөх шаардлаггүйгээр түргэвчилсэн оношлуурын шинжилгээг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлнэ гэсэн үг юм.

Дээрх хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд УОК-оос ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал нарт үүрэг болгосон юм. Дашрамд дурдахад, Архангай аймагт PCR шинжилгээний аппараттай болох тухай хүсэлтийг УОК-д хүргүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)