У.Хүрэлсүх: Айл өрх, ААН-үүдийн тог, хог, ус, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцна
- 2020-12-13
- Улс төр
- 3

Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.12.13/ боллоо. Хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар олон нийтэд хандаж мэдээлэл өглөө.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Цар тахлын үед айл өрх бүр болон аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний эрчим хүч, дулаан, ус, усан хангамж, хогны төлбөрийг төр хариуцахаар боллоо.
Тодруулбал, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-нээс 2021 оны долоодугаар сарын 01 хүртэл төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлолт боловсруулах үйлдвэр, банк болон банк бус санхүүгийн байгууллага, валюттай холбоотой үйл ажиллагаа эрхлэгч, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч, интернэт үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй газрууд, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигч, өнгөт металл цементийн үйлдвэр ажиллуулж байгаа эдгээр есөн чиглэлийн аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг долоон сарын хугацаатай Монгол Улсын төр хариуцах болж байна.
Мөн Монгол Улсын бүх өрхийн цахилгааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл тэглэж байна.
Цаашлаад 100 ам.метр хүртэлх талбай бүхий орон сууцад амьдардаг иргэдийн дулааны төлбөр болон ус, хогны үнийг тэглэж байна.
Сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар хямдруулахаар боллоо.
Ингэснээр Засгийн газраас саяхан шахмал түлшний үнийг 50 хувиар хямдруулаад байсан бол энэ удаад 75 хувь хүртэл хямдруулж байна.

Сэтгэгдэл (3)
Түвшин (202.126.89.78)
Цахилгааны хөнгөлөлт худлаа байна манайх сард 300гардаг юм тэгсэн нийт үлдэгдэл300 гэсэн байна өмнөх сараа төлчихсөн энийг хаана хандах вэ
Зочин (122.201.21.167)
Байр түрээслэж байгаа жижиг аж ахуйн нэгжүүдийн түрээсд хөнгөлөлт орохгүй юу, Дээрх 9 байгууллагад хамрагдаагүй хэрнээ байраа түрээслүүлж байгаа газрууд бүрэн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа. Тэгвэл түрээсэлж байгаа газрууд нь яаж хөнгөллөт эдлэх вэ?
Чинбат (202.21.105.222)
би өнөөдрийг хүртэл сайдуудаас бүх ард түмэндээ туслаж чадах доривтой хуулийг сонсоогүй ээ гэвч өнөөдрийн баталсан хууль бол бүх иргэдэд ямар их тус болсныг хэлэх нь зүйтэй тэгхээр би энэ үйл явдал болхоос өмнө хэр их жигшин Зэвүүцдэг байснаа нуухгүй ээ тэр их зэвүүцлээсээн би өнөөдөр хүлцэл өчиж байна намайг уучлаарай.