Коронавируст халдварын тоо эрс буурсан ч вирусийн голомт хумигдаагүй байна

Энэ оны эхээр БНХАУ-ын Ухань хотод илэрсэн коронавирусийн халдварыг дэлхий нийтээр “COVID-19” вирус гэж нэрлэх болсон. Улмаар дэлхий нийтийг хамарч, өдгөө дэлхийн 47 сая орчим хүнд халдварлаад байгаа энэхүү вирусийн анхны тохиолдол Монгол Улсад гуравдугаар сарын 2-нд бүртгэгдсэн байдаг. Тэр нь Москва-Улаанбаатарын нислэгээр зорчсон Франц улсын иргэн байсан юм. Түүнээс хойш “Алтанбулаг” боомтоор орж ирсэн болон агаарын нислэгээр зорчсон монгол иргэдэд халдвар илэрсэн ч ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлаж, найман сар “хориглон хамгаалж” чадсан.

Гэвч энэ оны арваннэгдүгээр сарын 10-нд ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дотоодод халдвар тархах эхлэлийг тавьж, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы хатуу дэглэмд шилжсэн билээ. Түүнээс хойш бүх нийтээр халдвар хамгааллын дэглэм, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тасралтгүй авсаар байгаа ч дотоодын батлагдсан халдварын тохиолдол 445 болоод байна.

 

Эдгээр нь нийслэл болон зургаан аймгийн голомтод хамаарч байгаа юм. Энэ хугацаанд байдал хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай сүүлийн үеийн мэдээ мэдээллээс тоймлон хүргэж байна.

 

СЭЛЭНГЭ АЙМАГТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ ЦӨӨРЧ ЭХЭЛЛЭЭ

 

Манай улсын зам харилцааны гол суваг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд дотоодын халдвар бүртгэгдэж, зарим өдөр 30 гаруй тохиолдол зэрэг бүртгэгдэж байсан бол одоо байдал намжиж, өчигдрийн мэдээллээр нэг халдвар илэрчээ. Одоогоор тус аймагт коронавирусийн 216 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 18 нь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Аймгийн Засаг дарга Ш.Оргилын мэдээлснээр, 13 тусгаарлах байранд 120 иргэн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар Алтанбулаг, Сүхбаатар суманд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорио үргэлжилж байгаа ч Дархан-Уул аймгаас бусад аймаг, нийслэл рүү УОК, ЭМЯ-наас өгсөн заавар чиглэлийн дагуу иргэдийг гаргаж эхэлжээ.

 

ОРХОН АЙМАГТ БҮРТГЭГДСЭН ТОХИОЛДЛЫН 10 НЬ ЭДГЭРСЭН БАЙНА

 

Орхон аймагт сүүлийн ес хоногт коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд аймгийн хэмжээнд нийт 35 мянга гаруй хүнд илрүүлгийн шинжилгээ хийсэн байна. Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Ц.Мөнхцэцэгийн мэдээлж байгаагаар, тусгаарлах байрнаас гарсан 135 иргэнээс давтан шинжилгээ авахад бүгд “сөрөг” гарчээ. Тус аймагт нийт 25 тохиолдол бүртгэгдсэнээс 10 нь эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжээд байна. Мөн үлдсэн иргэд эмчилгээнд хамрагдаж, халдварын голомтоос ирсэн 3550 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж. Орхон аймаг халдвар тархах эрсдэлийн хамгийн сүүлийн үнэлгээгээр “өндөр” гарсан байна. Өмнө нь “маш өндөр” гэх үнэлгээнд багтаж байсан юм. Аймгийн Онцгой комиссын шуурхай штабын дарга Г.Ганбаатар нэг өдөрт 300 орчим хүн автобус болон хувийн унаагаар тус аймагт ирсэн бол нийслэл рүү 94 иргэн зорчсоныг мэдээллээ.

 

БАТЦЭНГЭЛ СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Архангай аймагт “COVID-19” вирусийн гурван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн ч сүүлийн өдрүүдэд халдвар нэмж илрээгүй учраас Батцэнгэлээс бусад суманд бэлэн байдлын зэргийг даваа гаргаас эхлэн нэг шатаар бууруулжээ. Батцэнгэл суманд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Бусад сумын хооронд зорчих хөдөлгөөнийг нээж, аймаг дотроо хөдөлгөөн хийх, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрсөн байна. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар мэдээлэхдээ “Бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 74, хоёрдугаар хавьтлын 885 хүнд тодорхой давтамжтайгаар PCR-ын шинжилгээ хийж, гэрийн тусгаарлалтад байлгаж байна. Өнөөдрийн байдлаар автобус, хувийн тээврийн хэрэгслээр 1750 хүн ирснийг тусгаарласан бол аймгийн төвөөс 115 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд гарсан” гэсэн юм. Бусад орон нутагт хөл хорионы улмаас гацсан иргэдээ татаж авах ажлыг эхлүүлжээ.

 

БУСАД АЙМАГТ БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙГАА ГЭЛЭЭ

 

Өчигдрийн байдлаар халдварын голомт Дорноговь, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт халдварын тохиолдол нэмж илрээгүй сайн мэдээтэй байлаа. Хэнтий аймагт 4588 хүн, бусад аймагт нийслэл болон өөр газраас ирсэн иргэдээ тусгаарлалтад байлгаж, хяналт тавьж байгаа тухай мэдээлж байна. Энэ долоо хоногийн лхагва гарагийн мэдээгээр Улаанбаатар хотоос 65 мянга гаруй хүн орон нутагт зорчсон бол 19200 орчим зорчигч нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр нийслэлд иржээ. Харин Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод ачаа тээврийн явцад хүндрэл гарч байгаа талаар Авто тээврийн үндэсний төсвийн салбарын дарга А.Хатансайхан мэдээлсэн байна. Тодруулбал, Замын-Үүд боомтоор хоногт дунджаар 150- 200 машин ачаа нэвтэрдэг байсан бол коронавирусийн нөхцөл байдал, хорио цээрийн дэглэмээс шалтгаалан 18-20 машин нэвтрүүлж байгаа аж. Тиймээс 400 машин ачаа болон гуравдагч орноос ирсэн чингэлэгтэй бараа таваар Эрээн хотод бөөгнөрөөд байна. Тэдгээрээс эхний ээлжид эм, эмнэлгийн хэрэгсэл, “Тавантолгой түлш” компанийн түүхий эд, хүнсний зүйл, сав, баглаа боодлыг нэвтрүүлж байгаа нь УОК, зарим яамны шуурхай ажиллагаатай холбоотой юм. Үүнээс гадна Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй мягмар гарагт утсаар ярихад, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдаанд цар тахлын улмаас учирч буй саад тотгорыг арилгах бүх арга хэмжээг авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. БНХАУын тал Австралийн нүүрсний экспортод хориг тавьсантай холбогдуулан манай улсын нүүрсний экспорт нэмэгдэх хандлагатайг харгалзаж, Өмнөговь аймагт ЗӨСҮТийн нүүдлийн лабораторийг ажиллуулж, Тавантолгойн орд, Гашуунсухайт зэрэг хилийн боомтын ажиллагсдыг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

 

НИЙСЛЭЛД ШИНЭ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ Ч АНХААРАЛ СЭРЭМЖТЭЙ БАЙХ ЁСТОЙ

 

Монгол Улсад “COVID-19”-ийн батлагдсан тохиолдол 918 болсны 140 нь нийслэлд хамааралтай байна. Нийслэлийн 17 тусгаарлах байранд 977 иргэнийг байлгаж, гэрийн ажиглалтад 228 хүнийг хянаж байгаа юм. Гадаадад байгаа 3800 гаруй хүн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсний 3300 нь Солонгос, бусад нь АНУ, Австрали, Европын улсуудад байна. Тиймээс энэ сард Франкфурт руу хоёр, Токио, Сөүлд тус бүр нэг удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ. Нийслэлийн 32 зочид буудлыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж болох дүгнэлт гарсан бөгөөд цаашид “Нэг хүн-нэг өрөө”, “Нэг өрх-нэг өрөө” зарчмыг хатуу баримталж, коридорт нь камер суурилуулж, хөдөлгөөн илэрсэн тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгож байгааг ОБЕГ-ын дэд дарга, нийслэлийн Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлжээ. Учир нь, манай улсад айл өрх, халуун ам бүлийн хүрээнд халдвар тархах магадлал өндөр байгааг тогтоосон байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ойрын хавьтал, халуун ам бүлийн гишүүн өвчлөх магадлал өндөртэй коронавируст халдварын үед хүн хоорондын зай барих, амны хаалт зүүх, хувийн ариун цэврийн дэглэм сахиж гараа сайтар угаах, аль болох гадуур явахгүй байхыг анхааруулсаар байгаа юм. Сүүлийн өдрүүдэд “COVID-19” вирусийн халдварын тохиолдол цөөрч, бэлэн байдлын зэргийг бууруулсан ч цар тахлын голомт бүрэн арилах болоогүйг мэргэжилтнүүд сануулж байна.

 

 

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай