Aсуудлаа шийдэж амлалтаа биелүүлэв
- 2020-12-25
- Улс төр
- 2

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авахад цөөхөн хоног үлдлээ. Эл өдрүүдэд иргэд, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ оныхоо амжилт, алдаа, оноог дүгнэж, ирэх оныхоо зорилго зорилтоо тодорхойлж байна. Дэлхий нийт, ялангуяа Монгол Улсын хувьд энэ жил онцлох үйл явдал өрнүүн байлаа. Тухайлбал, манай улс энэ онд найм дахь удаагийн парламентын ээлжит сонгуулийг зохион байгуулж, иргэд олон нийтийн итгэл, сэтгэлд тулгуурлан төр засгаа эмхлэн байгуулсан.
Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч, Засгийн газрыг дангаараа байгуулах эрхтэй болсон юм. Засгийн газар асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар бүтцээ тодорхойлж, улмаар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулан УИХаар хэлэлцүүлж, батлуулсан. Сонгуульд ялсан намын мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлдэг.
Тиймээс Засгийн газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн, УИХ-ын 2020 оны сонгуульд оролцсон МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан нам, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналд үндэслэн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон. Ингэхдээ халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг амжилттай даван туулж, хүн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, байгаль орчны тэнцвэртэй байдал, засаглалыг сайжруулах, бүс ба орон нутгийг хөгжүүлэх, өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанарыг хадгалахад онцгой анхаарч, зургаан багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа дэвшүүлсэн.
Олон нийт ч хүлээлттэй байгаа тул Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орж, өдгөө зарим амлалтаа аль хэдийнээ биелүүлсэн бол заримынх нь эхлэл суурийг тавиад байна. Тухайлбал, хамгийн түрүүнд шийдлээ хүлээж байсан зээлийн хүүгийн асуудалд Засгийн газар, УИХ онцгойлон анхаарч, амлалтаа биелүүлсэн.
Зээлийн хүүг бууруулах стратегийг баталж, жил бүр нэг хувиар бууруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм. Зээлийг хүүг бууруулах стратеги хадгаламжийн хүү, банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулах, эрсдэлийн зардлыг багасгах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, банкуудын активыг нэмэгдүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлтэй. Үүний хүрээнд холбогдох байгууллагаад өөрсдөөс шалтгаалах ажлаа хийж гүйцэтгэж байна. Энэ мэтээр МАН амлалтаа эхнээс нь биелүүлсээр байна. Засгийн газар, УИХ бүх салбарт ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт эрс өөрчлөлт шинэчлэлт хийх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Боловсролын тухайд эхний ээлжид хууль эрх зүйн орчныг нь тодорхой болгохоор багц хуулийн шинэчлэлийг эхлүүлээд байгаа бол эрүүл мэндийн салбарын хувьд холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж, хэрэгжүүлэхэд бэлэн болгосон.
ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ХҮНДРЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОДЛОГОО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Засгийн газар, УИХ энэ жил шинэ сорилттой нүүр тулсан нь дэлхий нийтэд тархаад буй “COVID-19” цар тахал. Ийм хүнд үед төр, засгийн удирдлагууд ард иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих, нийгэм, эдийн засгаа хамгаалах амаргүй сонголттой нүүр тулсан ч аль алийг нь орхихгүй ажилласаар 2020 оныг үдэж, шинэ онтой золгох гэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нэгдүгээр бүлгийг цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглүүлсэн. Энэ хүрээнд цар тахлын үед иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжсэн, нийгэм, эдийн засгийг тэтгэсэн түүхэн олон шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргасан. Тухайлбал, нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн тэглэсэн, иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар аваагүй, 1.5 тэрбум төгрөг орлоготой аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөхийн зэрэгцээ ажлын байраа хадгалсан тохиолдолд сар бүр урамшуулал олгож, малчдаас ноолуур худалдан авах зорилгоор 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов. Манай улс 0-18 нас хүртэлх хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгодог байсан бол цар тахлын хүнд үед айл өрхүүдийн амьжиргааг урт хугацаанд бодлогоор дэмжих зорилгоор энэхүү мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж, 100 мянган төгрөгт хүргэсэн. Энэ мөнгийг нэмэгдсэн хэлбэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлсэн бөгөөд цаашид ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл олгоно. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулж, гэр хорооллынхныг гал алдахгүй, өвлийг өнтэй давах боломжоор хангав. Түүнчлэн энэ сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд бүх айл өрх, зарим аж ахуй нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцахаар болсон.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор зарим бүтээгдэхүүн, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах малын өвс, тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖ САЙЖРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭВ
Иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын тулд дугаарлах, хүлээх зэрэг хүндрэл чирэгдэлтэй байдаг тул улсын эмнэлгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Мөн эрүүл мэндийн даатгалынхаа ач холбогдол, үр дүнг үздэггүй гэдэг. Иймд Засгийн газар үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн салбарт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг өргөжүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт дэвшүүлж, үүний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон хэрэгжүүлээд байна. Эхний ээлжид салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг холбогдох хуулиудад өөрчлөлт оруулан, ирэх оноос хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад буй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанар, хүртээмжтэй байлгах үүднээс улсын эмнэлгүүдийг хагас бие даасан байдал руу шилжүүлэхээр болсон. Ингэснээр иргэд эмч, эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Өмнө нь эрүүл мэндийн байгууллагуудын тогтмол, урсгал зардал, цалин хөлс зэрэг бүх зүйлийг төсвөөс өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг ЭМДС-гаас гаргадаг байсан бол одоо энэ бүх зардалыг ЭМДЕГаар дамжуулна. Эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллын тухайд өмнө нь хэдэн хүнд ямар тусламж үзүүлж байгаагаас үл хамаарч тогтмол цалин авдаг байсан бол ирэх онд тусламж үйлчилгээний чанараас шалтгаалах зохицуулалт хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, чадвартай эмч нар, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх тусам санхүүжилт илүү авна. Ийм байдлаар орлогоор нь санхүүжүүлснээр эмнэлгүүдийн бие даах боломж бүрдэж, чанартай тоног төхөөрөмж, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллана. Үүний үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын тулд олон шат дамжлага дамжих зэрэг хүндрэл чирэгдэл гарахгүй бөгөөд дээр дурдсан иргэдийн шүүмжлэл үгүй болно. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтын хүрээнд уламжлалт сэргээн засалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн 110 мянган төгрөгийн санхүүжилтийг 250 мянган төгрөг болгосон. Энэ дагуу эрүүл мэндийн даатгалаас олгож буй мөнгөн дүн, санхүүжилт өссөн. Харин рашаан сувилал, фитнес клубын үйлчилгээг иргэд өөрсдийн хүсэл сонирхлоороо авах ёстой гэж үзэн ирэх онд санхүүжилт олгохгүй байх зохицуулалтыг Эрүүл мэндийн хуульд хийжээ. Энэ мэтээр ирэх онд эрүүл мэндийн салбарт ихээхэн өөрчлөлт гарна.
ТӨРИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫН ЭХЛЭЛИЙГ ТАВИЛАА
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан энэ онд хийж хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай болгох зорилгоор E-mongolia төслийг хэрэгжүүлж, цахимжуулах ажлын эхлэлийг тавиад байгаа билээ. Үүний үр дүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авлигыг бууруулах томоохон алхам болж байгаа юм. Төрийн байгууллагууд цахим шилжилт хийснээр бичиг хэрэг, шуудангийн зардлаас жилдээ хамгийн багадаа 10 тэрбум, иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо гаргажээ. E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн системийг веб портал болон гар утасны аппликейшн хэлбэрээр гаргаж, эхний ээлжид төрийн 181 үйлчилгээг богино хугацаад цахимжуулав. Цаашид цахимаар үзүүлж болохуйц бүх төрлийн үйлчилгээг нэг систем, нэг дэд бүтэц дор төвлөрүүлэхээр төлөвлөж буй. Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг одоогоор яам, агентлагуудаас гадна орон нутагт ч хэрэгжүүлж эхлээд байна.
БҮХ АЙМГИЙН ТӨВИЙГ УЛААНБААТАР ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОХОД ОЙРТЖЭЭ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эдийн засгийн өсөлтийг хангахуйц, тээврийн ухаалаг системд суурилсан үндэсний тээвэр, логистикийн сүлжээг байгуулах зорилтын хүрээнд зам, тээврийн салбарынхан ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сард БаянхонгорАлтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон юм. Түүнчлэн Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа бөгөөд үүнийг ирэх онд ашиглалтад оруулснаар бүх аймгийн төв Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно. Мөн авто замын хамгийн ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хоёр урсгал, дөрвөн эгнээ болгон өргөтгөж, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төмөр замын бүтээн байгуулалт олны анхааралд байгаа. Ямартай ч эхний ээлжид газрын тосны үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусган ашиглалтад хүлээгэн өгсөн нь Засгийн газрын хувьд томоохон онцлох ажил юм. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.2, ТавантолгойГашуунсухайт чиглэлийн 258.4 км төмөр замын төслийн барилгын ажлыг энэ онд эхлүүлсэн бөгөөд эдгээрийг ирэх хоёр жилд дуусгахаар төлөвлөж буй. Эдгээр чиглэл төмөр зам барьснаар нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ач холбогдолтой төдийгүй ажлын байрыг бий болох юм. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт бүс нутгийн логистикийн төвийг барьж, үйл ажиллагааг эхлүүлсэн бол орон нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нисэх буудлыг шинэчлэн сайжруулж, ашиглалтад оруулаад байгаа билээ.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Сэтгэгдэл (2)
ЗОЧИН (192.82.73.22)
ГАЙГҮЙ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА АЖИЛ ХИЙЖ БУЙД ДУТАГДАЛ Б.ГАА ЗАС КОВУДЫН ҮЕД МАН СОНГОСОН ОНОСОН АН МААНА НАЙДАХ ХЭЦҮҮВТЭР
Suhee (64.119.26.78)
Sain baina uu huviaraa bizness erheldeg humuus yah ve bankand zeeltei 2 sar hol horoind orson odoo yamar ch orlogiin eh uusvergui bolchihood bna yah ve