Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцээд төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн гурван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжив.

Эхлээд Засгийн газраас энэ сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй тул хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй. Иймээс Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь дэмжсэн тул төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулахаар тогтов.

Дараа нь Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг дэмжив. Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны  09 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжээд анхны хэлэлцүүлэгт бэтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг дэмжив.

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан. Энэ үндсэн дээр боловсруулсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэл, мөн зүйлийн тайлбарын хоёр дахь өгүүлбэрт заасан алдангиас тус тус чөлөөлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төслийн  1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар хуулийн төсөл нь ирэх оны эхний хагас жилийг дуусталх хугацааг хамарч байгаа, гэтэл одоо нийгмийн даатгалын шимтгэлээ хэвийн төлж, тайлан мэдээгээ гаргаад явж байгаа аж ахуйн нэгжүүд бүгдээрээ хуулийн үйлчлэлд хамаарахаар тусгагдсан нь оновчтой зохцуулалт биш юм гэсэн байр суурьтай буйгаа илэрхийлж байв. Иймээс эдгээр гишүүд хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “Энэ хуулийг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө” гэснийг “2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)