Европын холбоо Украинаас тайлбар шаарджээ
- 2012-05-01
- Дэлхий
- 0
Украины өнөөгийн удирдлагууд Ерөнхий сайд асан Юлия Тимошенког албан тушаалаа урвуулан ашиглаж улсад үлэмж их хохирол учруулсан хэргээр хорьсон билээ. 

Украины өнөөгийн удирдлагууд Ерөнхий сайд асан Юлия Тимошенког албан тушаалаа урвуулан ашиглаж улсад үлэмж их хохирол учруулсан хэргээр хорьсон билээ.
Үүний дараа тус улсын дээд шүүх экс Ерөнхий сайдад долоон жилийн хорих ял, 190 орчим сая ам.долларыг “Нафтогаз” компанид төлүүлэх шийдвэр гаргасан юм. Хоригдсон цагаасаа л дуулиан шуугиан дагуулж буй түүний тухай “чих дэлдийлгэсэн” явдлууд ойрын өдрүүдэд олон өрнөсний дараа Европын холбоо, АНУ, Герман, Франц Улс Украины Засгийн газрыг тайлбар өгөхийг шаардсан байна.
Хэдийгээр Украины нэрт улстөрч, шаргал үст Ю.Тимошенко Ерөнхий сайдын албыг хашиж байсан 2009 онд ОХУтай байгуулсан байгалийн хийн гэрээнээс 20 гаруй сая ам.доллар завшсан гэдэг нь тогтоогдсон ч түүнийг дэмжигчид Ерөнхийлөгч Виктор Януковичийн далд явуулга гэж үзэж өнөө ч шүүх, прокурорын байрны гадаа жагссаар байгаа юм.
Ингэж үзэх нь ч оргүй биш болохыг дээрх орнууд хүлээн зөвшөөрөв. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дурдсанаар Юлия Тимошенко Виктор Януковичийн улстөрийн “заналт дайсан”. Түүний улбар шар хувьсгал болон холбоотон асан Виктор Ющенкогийн хордсон явдал зэргээс улбаалж өнөөгийн албан тушаалдаа хожуу хүрсэн В.Янукович Ерөнхийлөгч болоод удалгүй Ю.Тимошенког шийтгэсэн ч өшөө авсан үйлдэл гэж сөрөг хүчнийхэн шүүмжилж байна.
Гэсэн ч тус улсын Засгийн газарт их хэмжээний хохирол учруулсан Ю.Тимошенкод харин ч бага шийтгэл оногдууллаа гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Эрх баригчид ард олны эсэргүүцлээс эмээж түүнийг нийслэлээс зайдуу орших хорих ангид хорьжээ.
Харин экс Ерөнхий сайдын нөхөр, охин, ойрын холбоотнууд барууны хэд хэдэн улсад захидал илгээж түүний эрүүл мэнд дордож байгааг дуулгасан юм. Үүний дагуу Европын холбоо, Олон улсын улаан загалмай нийгэмлэг эмч нарын багийг Харков дахь хорих анги уруу илгээхийг хүссэн.
Харин Украины тал удаа дараа цааргалсны эцэст тэднийг дотоодын эмч нартай хамт Юлиягийн камерт нэвтрэхийг зөвшөөрчээ.
Гадаадын эмч нарын мэдээлснээр түүний биеийн байдал их муудсан байжээ. Тэднийг буцаад удаагүй байхад Ю.Тимошенко өлсгөлөн зарласан байна. Үүний улмаас биеийн байдал нь улам дордож алхаж чадахгүйд хүрчээ.
Засгийн газрын албаныхан сая л нэг түүнийг эмнэлэгт хүргэж эмчилгээ хийсэн гэнэ. Гэсэн ч энэхүү эмчилгээний дараа түүнийг эргүүлэн шорон уруу шилжүүллээ. Энэ үеэр экс сайдыг эсэргүүцэл үзүүлсэнд хамгаалагчид нь “гар хүрсэн” байна.
Сөрөг хүчнийхэн мөн нэгэн бичлэгийг “Youtube” цахим хуудаст байршуулжээ. Бичлэг дээр гарч буй хүмүүсийн царай тодорхой бус ч сөрөг хүчнийхэн уг бичлэгийг Ю.Тимошенкогийнх гэж мэдэгдэж байна. Уг бичлэгт камер доторх орондоо хэвтэж буй шаргал үст эмэгтэйг түүний эмч юм уу харгалзагч бололтой нэг эр орж ирээд үнсдэг.
Хоёр минут гаруй уг бичлэгийг гар утсаар, нууцсаар авсан нь тогтоогджээ. Бичлэгтэй холбогдуулан Европын холбоо Украины засгийн газрыг нэн даруй тайлбар хийхийг шаарджээ. Үүний дагуу Украины ерөнхий прокурорын газар бичлэгийг шалгахаа илэрхийлэв.
Хэдийгээр Украины албаныхан бичлэгийг шалгахаа мэдэгдэж, түүнд харгалзагчид гар хүрээгүй гэж байгаа ч Ю.Тимошенког хэд хэдэн удаа цохисон гэж түүний дэмжигчид баталж байна. Бүр Юлияг элгэдсэн гэдгийг нотлох зургийг интернэтэд тавьсан байна. ОХУ энэрэнгүй сэтгэл гаргаж Юлияг эмчлэхийг Украины удирдлагуудаас хүслээ.
Өөрөөр хэлбэл ОХУ ойрын холбоотон Украинаас барууных шиг Юлияг эмчлэхийг шаардаагүй. Ард иргэд, гаднын орнууд ганц Ю.Тимошенкогийн хэргээр Засгийн газрыг буруутгаж байгаа энэ үед эрх баригчид түүнийг тоолгүй орхисонгүй, эрүүл мэндэд нь анхаарал хандуулж байна. Харин гадаадад биш юмаа гэхэд ард олны дунд нэр хүндийг нь унагахаар шинэ хэрэг үүсгэж эхэллээ.
Саяхан Украины прокурорууд экс сайдыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс 400 орчим сая ам.доллар завшсан байж болзошгүй хэргийг шалгаж эхэлснээ дуулгалаа. Энэ нь засгийн газрын өнөөгийн удирдлагууд түүнийг суллах бодолгүй байгааг илтгэж байгаа гэнэ.
Үүнийг Германы Канцлер Ангела Меркель хүчтэй эсэргүүцэж, Украины засгийн газарт дарамт үзүүлэхийг хүслээ. Үүний түрүүч болгож “Евро-2012” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Украинд зохион байгуулахад Герман Улс саад хийнэ гэж А.Меркель мэдэгдсэн юм.
Канцлер “Der Speigel” сонинд өгсөн ярилцлагадаа “Ю.Тимошенког суллах ганцхан нөхцөлтэйгөөр Украиныг хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахыг зөвшөөрнө” гэжээ. Мөн тэрбээр Ю.Тимошенког үзсэн герман эмч нарыг хүлээн авч уулзсан гэв. Дашрамд дурдахад “Евро-2012” тэмцээн ирэх зургадугаар сарын 8-нд эхлэх юм.
Харин Украины Ерөнхийлөгч Юлияг суллах нь юу л бол. Учир нь Юлия шүүх танхим болон торны цаанаас “Чамайг тун удахгүй тойрон хүрээлэгчдийн чинь хамт унагаж, Засгийн газраас зайлуулна” гэж итгэлтэй нь аргагүй мэдэгдсээр байна.
Магадгүй түүнийг эл амлалтдаа хүрч чадна гэдгээс В.Янукович эмээж байгаа ч юм бил үү.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)