Намын бүлгүүд завсарлага авсанаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв
- 2021-01-16
- Улс төр
- 0

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2020 оны 31 дүгээр захирамжаар төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж ажиллуулжээ.
Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 04, 13-ны өдрүүдийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Ажлын хэсгээс Засгийн газраас нийгмийн зөвшлийн талуудтай зөвшилцөн 2018 онд өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлал, зарчмыг хөндөхгүйгээр МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МХАҮТ-ын санал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, бусад тооцоо, судалгаанд суурилан боловсруулсан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Үүнд, нийт ажилтны хөдөлмөрлөх суурь эрх хангагдах бололцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтны зохистой тэнцвэрт байдлыг бий болгох чиглэлээр ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, эвлэлдэн нэгдэх зэрэг суурь эрхийг хамгаалах; өдрийн болон долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаарыг тогтоох; ээлжийн амралтын үндсэн хугацааг тогтоож, тухайн байгууллагад ажилласан жил болон бусад хөдөлмөр эрхпэлтийн нөхцөлийг харгалзан аж ахуй нэгж байгууллага дотооддоо хамтын гэрээ, тогтоох эрхийг хуулиар олгож, уян хатан зохицуулалт бий болгох; аж ахуйн нэгж, байгууллага бүтцийн хувьд жижиг, малчид, албан бус салбарт ажиллагсдын тоо өндөр нь хөдөлмөрийн харилцаанд онцлог зохицуулалтыг шаардаж байгаатай уялдуулан тэдгээрийн цалин хөлс, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуулиар зохицуулах; хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах нийтлэг харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, хөдөлмөрийн гэрээнд шаардах бичиг баримт, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг тодорхой болгож, хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд сургалтын, эд хөрөнгийн, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгах, иргэд хооронд байгуулах гэрээнд тусгайлсан зохицуулалт шинээр нэмэхэр тогтсон байна.
Мөн хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг хэрэглэхэд хялбар, тодорхой болгож, бүтэц найруулгын хувьд сайжруулах чиглэлээр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа”, “Хөдөлмөрийн харилцаа”-г тодорхойлох, хуулийн төслийн хөдөлмөрийн харилцааны зарчимд “Нийгмийн түншлэлийг хангах”, “Хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах” гэсэн зарчмыг нэмж тусгах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг шинээр нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд анхаарч сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны эрхийг өргөжүүлэх, хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрүүлэн зохицуулах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулахаар зохицуулжээ.

Ажлын хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 131 санал, найруулгын шинжтэй 5 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 16 санал гаргасныг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй өнөө хүрсэн энэ том хуулийн төслийг нухацтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил манай намын бүлгийн хурал дээр тодорхой мэдээлэл өгч, саналаа хуваалцсан. Гэхдээ анх өргөн баригдсан төсөлд зарчмын шинжтэй нэлээд өөрчлөлт орсон учраас төсөл санаачлагчийн байр суурийг намын бүлэг сонсож ярилцах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Хүсэлтийн дагуу ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл намын бүлэгт завсарлага өгч буйгаа хуралдаан даргалагч мэдэгдлээ.
Үргэлжлүүлэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам танилцуулсан юм.

Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа явуулж, хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулж шийдвэрлэжээ. Тухайлбал, үндэсний болон улсын музей төрийн хамгаалалтад байх, Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах, музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 8 жилийн хугацаагаар олгох, Засгийн газар төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, мөн музейн санхүүжилт, музейн сан хөмрөгт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах үзмэрийн үнэлгээ, соёлын өвд хамаарах үзмэрийг судлах, сурталчлах зорилгоор музей хооронд түр солилцох, музейн сан хөмрөгөөс соёлын өвд хамаарах үзмэрийг хасахтай холбогдуулан гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.

Байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналыг бүлэг дээр дахин ярилцаж нягтлах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу тус намын бүлэгт ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл завсарлага өгч буйг хуралдаан даргалагч мэдэгдэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)