Монтенегро ДХБ-ын бүрэн эрхт гишүүн боллоо
- 2012-05-01
- Дэлхий
- 0
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) өнгөрөгч ням гаригт Монтенегрог бүрэн эрхт гишүүн орноороо бүртгэж авлаа.
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) өнгөрөгч ням гаригт Монтенегрог бүрэн эрхт гишүүн орноороо бүртгэж авлаа. Ингэснээр тус улс уг байгууллагын 154 дэх жинхэнэ гишүүн болж байгаа юм. Хуучин Югославын бүгд найрамдах улсаас 2006 онд тусгаар тогтносон Монтенегро Улс ДХБ-ын дүрмийг зөвшөөрч, өнгөрөгч 2011 оны арванхоёрдугаар сарын 17-нд уг байгууллагад элсэх протоколд гарын үсэг зурсан байна.
Монтенегро нь хуучин Югославын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд байгаад тусгаар тогтносон орнуудаас хамгийн жижиг нь бөгөөд 626 мянган хүн амтай. ДХБ-ын гишүүн орнууд дэлхийн худалдааны 97 хувийг бүрдүүлдэг.
Монтенегро уг байгууллагад гишүүнээр элссэнээр хүн ам болон газар нутаг багатай тус улсад олон боломж нээгдэнэ. Үүний нэг нь гаднаас ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ гэж тус улсын Сангийн яам онцлов.
ДХБ дэлхийн орнуудын хоорондох улстөрийн харилцааг үл харгалзан олон улсын худалдааг чөлөөт байдалд оруулах зорилготойгоор 1995 онд байгуулагджээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)