Тусгаарлах байранд дэглэм сахиж байгаа эсэхийг Тагнуулын байгууллага камераар хянана

УОК-ын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр "Иргэдээ татан авах нь дотоодын тусгаарлах байрны нөөц боломжоос шалтгаалдаг. Нийслэлд 39 тусгаарлан ажиглах байр бий. Энэ нь дотоодын халдварын хавьтал болон гадаадаас ирсэн иргэдээ тусгаарлахад ашигладаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 22 тусгаарлах байранд 959 иргэн байна.

Өнгөрсөн хугацаанд ирсэн 348 иргэн тусгаарлах зургаан байранд байрлажээ. Мөн дараагийн тусгай нислэгээр ирэх иргэдийг байрлуулах тусгаарлан ажиглах зургаан байр бэлдсэн. Монгол Улсын Шадар сайдын Тусгаарлан ажиглах байранд баримтлах түр журмыг шинэчлэн боловсруулан мөрдөж байна. Холбогдох байгууллагууд дэг журам, аюулгүй байдалд анхаарал тавин ажиллаж байна. Ялангуяа дотоод халдвар, хамгааллын дэглэм сахихтай холбоотойгоор тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ба тусгаарлах байрны камерийн хяналтыг тагнуулын байгууллага хийнэ. Хэрэв зөрчил илэрсэн тохиолдолд энэ талаар УОК-ын Шуурхай штабт мэдээлж, шаардлагатай арга хэмжээг авна" хэмээв.

"2021 оны нэгдүгээр сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нэг нислэг үйлдсэн. Мөн энэ сарын 22-ны баасан, 31-ний ням гаргуудад нэмэлт хоёр удаагийн тусгай үүргийн нислэг хийж 320 иргэнээ авч ирнэ. Хоёрдугаар сарын нислэгийн саналаа УОК-т танилцуулах ба энэ сарын 27-нд нислэгийн хуваарийг албан ёсоор зарлана. Нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо өнгөрсөн хоёр сарын хугацаанд огцом нэмэгдлээ. Гадаадад байгаа, нутаг буцах хүсэлтэй 8433 иргэн байгаагаас нэн яаралтай буюу энэ сардаа багтаад ирэх хүсэлтэй 2660 орчим байна. БНСУ, Япон, Зүүн Өмнөд Азийн орнуудад байгаа 6315 хүн, АНУ 1479 хүн, Австралид 93 хүн, Африкт 3 хүн, Европт байгаа 544 иргэн нутагтаа ирэх хүсэлтэй байна.

Өнгөрсөн хугацаанд бид агаараар болон газраар 28 мянга гаруй иргэнээ авч ирээд байна" хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)