Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгч Г.Ёндон танилцууллаа. Дотоодын түүхий эдэд түшиглэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулан Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрөнгө оруулалтын зардлыг богино хугацаанд нөхөж, зээлийн санхүүжилтийг хугацаанд нь эргэн төлөх боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

    Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх явцад гишүүд хуулийн төслийн нэрийг тухайлсан нэг үйлдвэрийн нэрээр тодорхой зааж өгөх эсвэл бусад газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд энэ хууль үйлчлэх эсэх болон цаашид хуулийн үйлчлэх хугацаа, хүрээ хязгаарын талаар тодорхой асуулт, асууж хариулт авсан байна. Төслийн зарим зохицуулалтыг хэрэгжүүлэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудтай нийцүүлэх зорилгоор дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж хамт хэлэлцүүлэх, мөн хуулийн үйлчлэх хугацаа, хамрах хүрээнд тодорхой хязгаарлалт хийх, төсөлд тусгагдаагүй газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой татвар, төлбөр хураамжийн асуудлыг хэлэлцүүлгийн шатанд анхаарах, газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, хайгуулын зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж ажиллах, төслийг хэрэгжүүлэхэд ажиллах хүчний харьцааны асуудлыг онцгой анхаарч хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг хэлсэн байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Х.Баделхан, С.Ганбаатар, Т.Энхтүвшин, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Х.Болорчулуун нар асуулт асууж, төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж байлаа. 

    Цогц үйлдвэр барьж, ашиглалтад оруулснаар 7000 гаруй ажлын байр бий болно хэмээн төслийн танилцуулгад байгаа ч өнөөдрийн байдлаар хэчнээн ажлын байрыг бий болгоод байгаа талаарх М.Оюунчимэг гишүүний асуултад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг хариулт өгөв. Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах онцгой төвөгшилтэй, иж бүрэн үйлдвэр барьж байгуулж байгаа тул олон тооны гадаадын инженер, техникийн ажилтнууд үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцох тооцоо бий гэв. Бүтээн байгуулалтын эхний ажилд хамгийн багадаа 150 ажлын байр бий болох бөгөөд орон нутгийн иргэдийг ажиллуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаа аж. Төлөвлөлтийн шатаа дөнгөж дуусгаад, өнгөрсөн 7 хоногт үйлдвэрийн шав тавьсан, одоогоор тус компанид 30 орчим ажилтан бий. БНЭУ-аас 30 гаруй мэргэжилтнүүд ирнэ гэв. Урьдчилсан тооцоогоор барилга угсралтын ажлын үед буюу 2021 онд 1000, 2022 онд 5000, 2023 онд 8000, 2024 онд 7000 орчим (давхардсан тоогоор) инженер, техникийн болон туслах ажилчид ажиллах юм байна. Бүтээн байгуулалтын явцад боловсон хүчнийг бэлтгэх, цаашид монголын инженер, мэргэжилтнүүдийг ажиллуулах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг М.Оюунчимэг гишүүн хэлж байв.  

    БНЭУ-ын Засгийн газраас авсан хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр байгааг Л.Энх-Амгалан гишүүн тодруулаад, цогц бүтээн байгуулалтын нийт зардлын талаар тодруулсан. БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр зөвхөн үйлдвэрийн үндсэн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх бол үйлдвэрийн гаднах дэд бүтэц, “Газрын тосны үйлдвэрийн хотхон"-ы бүтээн байгуулалтын ажлууд, төсөл хэрзгжүүлэгч компанийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авса 150 сая ам.долларын зээлээр санхүүжиж байгаа юм байна.  Түүнчлэн түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтад 350-500 сая ам.доллар зарцуулахаар, нийтдээ 2 тэрбум орчим ам.долларын санхүүжилт шаардагдана гэдгийг ажлын хэсэг хариуллаа.

    Түүхий эдийн хангамжийн талаарх Л.Энх-Амгалан гишүүний асуултад хариулахдаа, өөрийн орны түүхий эдийн нөөцөд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулж буй манай улсын хувьд тус үйлдвэрийг түүхий тосоор тасралтгүй, найдвартай хангах нь асуудал тулгамдаж байгааг тайлбарласан. Үйлдвэрийн хүчин чадлыг 2012 онд “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан түүхий тосны олборлолтын төлөвлөгөөнд суурилан 1.5 сая тонн байхаар тогтоожээ. Гэтэл газрын тосны Тосон-Уул, Тамсагийн ордуудад үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь бүс нутгийн эрчим хүчний хангамжийн дутагдал, ус, ажиллах хүч, орон нутгийн эсэргүүцэл зэргээс хамаарч олборлолтын хэмжээг бууруулж байгаа гэлээ. Үүн дээр салбарын яамнаас зохих арга хэмжээг авч, холбогдох яриа хэлцлүүдийг хийж шийдвэрлэхээр ажиллаж байгаа ч цаашдаа үйлдвэрийн түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх үүднээс өөрийн гэсэн түшиц газар буюу газрын тосны ордтой болох эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгааг хэлж байв. Үүнтэй холбоотой санал, эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгаад байгаагаа хэлж байсан. 

    Үйлдвэр ашиглалтад орсноор үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид борлуулах үнэ нь 1 литр Аи-95 бензин 1445 төгрөг, дизель 1372 төгрөг, харин онгоцны түлш 1488 төгрөг байх тооцоолол гаргасан тухайгаа Д.Алтанцэцэг захирал хариулллаа. Хөрөнгө оруулалтын нийт зардлаа 9 жилд нөхөх тооцооллын талаар мөн дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 

    Газрын тосны ирээдүйн хэрэглээний талаарх төсөөллийг О.Цогтгэрэл гишүүн тодруулсан. Эрчим хүчний олон эх үүсвэрийн талаар улс орнууд судалгаа хийж байгаа ч өнөөдөр бол нефтийн эрин үед амьдарч байгаа гэдгийг Д.Алтанцэцэг захирал тэмдэглээд “Төслийг нефть-химийн шинэ салбарыг бий болгох хэмээн өргөн хүрээгээр харах нь оновчтой бөгөөд ийм төрлийн үйлдвэрүүд одоо барьж эхэлж байгаа улс орнууд ч бий” гэлээ. Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлж, үг хэлсэн. 

Хуралдааны төгсгөлд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 41 нь дэмжсэн юм. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн болон Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)