Өнөр гэр бүл 160 гишүүнтэй

Дэлхий нийт өнөөдөр долоон тэрбумуулаа болсон. Магадлалын онолоор дэлхийн долоон тэрбум дахь иргэн Филиппиний нийслэл Манила хотод өнөөдөр мэндэлсэнтэй холбогдуулж CNN нэгэн сонирхолтой нийтлэлийг онцолжээ.

Дэлхий нийт өнөөдөр долоон тэрбумуулаа болсон. Магадлалын онолоор дэлхийн долоон тэрбум дахь иргэн Филиппиний нийслэл Манила хотод өнөөдөр мэндэлсэнтэй холбогдуулж CNN нэгэн сонирхолтой нийтлэлийг онцолжээ.

Энэтхэгийн нэгэн өрхийн тэргүүн Зиона гэгч магадгүй энэ дэлхий дээрх хамгийн өнөр өтгөн айлын тэргүүн бололтой. “Энэтхэгийн хүн ам хэтэрхий их эсэх нь миний санааг зовоогоод байх зүйл биш. Бурхан биднийг сонгосон гэдэгт итгэдэг. Энэ гэр бүлийн гишүүн болон төрсөн хэн ч бай энэ уламжлалыг эвдэх аргагүй. Тиймдээ ч бид бүл нэмсээр байгаа” хэмээн инээмсэглэн өгүүлэх тэрбээр 39 эхнэртэй, 86 хүүхэдтэй, 35 ач, зээтэй гэнэ. Өөрийгөө Зиона хэмээн танилцуулсан энэ эрхмийн аав Чана нь Энэтхэгийн Бактванг гэх тосгоны христийн нэгэн бүлгэмийг үүсгэн байгуулагч ажээ. Тэр бүлгэм нь бурхны тааллаар полигам буюу олон эхнэртэй байх ёсонг дэмждэг аж. “Би хэзээ ч олон дахин гэрлэхийг хүсч байгаагүй. Гэхдээ энэ бол бурхны надад заасан зам. Дахин дахин гэрлэх нь миний хүсэл биш” хэмээн Зиона ярьжээ.

Түүний гэр бүлийн 160 гишүүн бүгд хамтдаа Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших Мизорам мужийн алслагдсан тосгонд дөрвөн давхар хувийн сууцанд амьдардаг гэнэ. Мьянмар болон Бангладештай хиллэдэг тус муж нэг сая гаруй хүн амтай. Гэхдээ 1,2 тэрбум хүн амтай Энэтхэгийн хувьд хүн амын нягтаршил харьцангуй багатай хэсэг ажээ. Хэдий байгалийн үзэсгэлэнт төрх цогцолсон ч тус мужид нэвтрэхийн тулд тусгай зөвшөөрөл шаардлагатай тул өнгөц харахад аялал жуулчлал огт хөгжөөгүй гэхэд төдий л буруудахгүй.
Мизорам мужид цор ганц нисэх онгоцны буудлаас дөрвөн цаг давхиад хүрэх Бактван хотод орших Зионагийн гэр бүлийн дөрвөн давхар, тод үзмэн ягаан өнгөтэй сууц 22 унтлагын өрөөтэй гэнэ. Байшингийн хамгийн идэвхтэй гол өрөө нь асар том үүдний танхим. Тэнд Зионагийн гэр бүл хоол ундаа бэлтгэж, хооллож, мөргөл үйлддэг. Харин унтлагын өрөөнүүд нь дотуур байртай төстэй, нэг өрөөнд 20 орчим ор байх аж. Өөр хоорондоо нэг алхам орчим зайтай орнуудын дийлэнх нь давхар орнууд гэнэ. Бага насны хүүхдүүд нь ээжтэйгээ хамт унтах бөгөөд эхнэрүүд нь ээлж дараалан Зионатай хамт унтах аж. “Бидний дунд ялгаварлан гадуурхах үзэл огт байхгүй. Тэр бүгдтэй нь эрх тэгш харьцдаг” хэмээн Зионагийн тав дахь эхнэр Тванги өгүүлнэ.

Зиона өдгөө 69 настай. Тэрбээр анх 17 настайдаа Затиангитай гэрлэжээ. Харин өдгөө анхных нь эхнэр 70 нас шүргэж яваа бол хамгийн залуу эхнэр нь 31 настай. Ууган эхнэр Затианги нь гэр бүлийн дотоод асуудлыг хариуцаж, хоол хүнсэнд анхаарал тавина. “Бид өдөрт л 25 кг цагаан будаа, 40 кг төмс, таван кг мэшил хүнсэндээ хэрэглэдэг” хэмээн Тванги ярьжээ. Тэдний гэр бүл долоо хоногт гурван удаа махан хоолтой байдаг. Ингэхдээ нэг удаагийн хоолонд 30 ширхэг тахиа, нэг бүтэн гахайн мах хэрэглэдэг гэнэ. Хэдийгээр асар их хоол бэлтгэх хэцүү ч олон эмэгтэй байгаа учир оройн хоолыг нэг цагийн дотор л бэлтгэдэг аж. Түүнчлэн хоолны дараа аяга таваг, сав суулга угаана гэдэг хэдхэн хормын ажил.

Энэтхэг улс хүн амын тоогоор 2030 он гэхэд Хятадыг давна гэсэн судалгаа бий. Гэхдээ улс орны байдал, дэд бүтэц, хүн амын нягтаршил зэрэг нь Зионагийн хувьд огтхон ч асуудал биш гэнэ. Зионагийн гэр бүл Гиннесийн номд бүртгэгдээгүй. Учир нь тэр гэр бүлийн амьдралаа олон нийтэд дэлгээд байхыг хүсдэггүй гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)