Барьцаалан зээлдүүлэх газар нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх хуулийн төслийг хэлэлцүүлнэ
- 2021-01-27
- Улс төр
- 0

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн нар тус тус танилцуулав.
Цар тахлын улмаас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт нь зогсож, цалин, орлого таслалдсан. Үүний улмаас барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэн буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байгааг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Нөхцөл байдлыг харгалзан барьцаалан зээлдүүлэх газартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болоод байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Төслөөр барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан байна. Мөн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Төсөл батлагдсанаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа нь хязгаарлалтад орсон, зогссон, цалин, орлого нь тасалдсан болон бүрэн тасалдсан иргэн, хуулийн этгээдэд учирч буй эдийн засгийн хүндрэл, зээлээс үүсэх өрийн дарамт, барьцаа хөрөнгө үнэгүйдэхээс сэргийлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нараас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хороо 2021 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Ц.Сэргэлэн, Н.Ганибал, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл, Б.Жавхлан, Ж.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Ингээд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 67.7 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв.
Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хуралд ирүүлж байгаа ард иргэдийн санал, гомдлын талаар Улсын Их Хурлын дарга үг хэлж болно гэж заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оюу толгойн асуудлаар өлсгөлөн зарлаад байгаа Улсын Их Хурлын гишүүн Ж. Ганбаатарт хандан үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүн ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангарагласныг онцлов. Ард түмэн элч төлөөлөгчийн бүрэн эрхийг олгосон байхад Улсын Их Хурлын танхимдаа асуудлаа шийдэх ёстой тул С.Ганбаатар гишүүнийг хуралдаандаа ирж оролцохыг мэдэгдээд, цар тахлын эгзэгтэй үед иргэдэд буруу ташаа ойлголт өгөх, улстөржүүлж, цаашлаад өлсгөлөн зарлаж өөрийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болохгүйг анхаарууллаа.
УИХ-ын дарга хэлсэн үгэндээ, үеийн парламент, Засгийн газар дотроос Оюу толгойн асуудлаар өмнөх УИХ, Засгийн газар шиг нухацтай ажиллаж, шаардлага тавьсан нь байгаагүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан даруй 2017 онд Оюу толгойн асуудлаар ажлын хэсгийг байгуулж, тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байсан надаар ахлуулсан. Бид 2013-2017 оны татварын шалгалтын дүнгээрээ акт тавьж чадаагүй байсныг 2018 оны нэгдүгээр сард актыг нь тавиулж, яриа хэлэлцээрийг эхлүүлж, Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээ, хэлэлцээрийг өөрчлөх шаардлагуудыг тавьсан. Үүнийг гэрээ, хэлэлцээрийн зарчмаар шийддэг бөгөөд Монгол Улсын эрх ашгийн асуудалд нэгдмэл байр суурьтай байх ёстой. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ч Оюу толгойн гэрээний асуудлаар ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.
Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолд “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тусган, баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангуулахыг шахаж шаардах, хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах гээд бүх эрх нь нээлттэй байгааг тодотгоод энэ асуудлаарх асуулгын хариуг тав дахь өдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсныг мэдэгдлээ. Мөн С.Ганбаатар гишүүнд Оюу толгойн ордтой холбоотой тодорхой асуудал байгаа бол гишүүддээ танилцуулж, танхимаараа ярилцах шаардлагатайг анхааруулаад энэ асуудалд дэмжиж ажилахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Эцэст нь тэрбээр Оюу толгойн асуудлаар иргэдээс дэмжсэн, дэмжээгүй санал, гомдлууд ирж байгаа учир энэ асуудалд Улсын Их Хурлын гишүүдийг нэгдэн ажиллахыг уриаллаа.
Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцүүлэхээр болсон тул чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, хуралдааныг 14 цагаас үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл (0)