Н.Саркози шүүхдэж эхэллээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шатны санал хураалт энэ сарын 6-нд явагдана. 

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шатны санал хураалт энэ сарын 6-нд явагдана. Энэ санал хураалтаас тус улсын дараагийн Ерөнхийлөгч тодроно. Учир нь өнгөрөгч 22-нд болж өндөрлөсөн эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй юм. Эхний шатанд арван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Францын өнөөгийн Ерөнхийлөгч Николя Саркози, “Социалист” намын дарга Франсуа Холланд нар хамгийн өндөр санал авснаар хоёр дахь шатанд өрсөлдөх эрхтэй болсон. 
Н.Саркози 27.8 хувийн санаал авсан бол түүний гол өрсөлдөгч Ф.Холланд 28.6 хувийн санал авсан. Ингэснээр Николя Саркози Үндсэн хуульд өөрчлөлт оруулж парламентын засаглалаас Ерөнхийл өгчийн засаглал уруу шилжсэн 1958 он /Францын тав дахь бүгд найрамдах улс/- оос хойшхи тус улсын түүхэнд сонгуулийн эхний шатанд ялагдал хүлээсэн анхны Ерөнхийлөгч болсон юм. 
Судалгааны төвүүдийн таамаглалаар Н.Саркози хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал тун хомс байна. Түүний нэр хүнд иргэдийн дунд буурахад Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафитай холбоотой хэрэг ихэд нөлөөлжээ. 
Ливийн удирдагчаас 50 сая евро авч 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулсан, түүнд цөмийн тогоо худалдах гэж байсан зэрэг мэдээлэл эхний шатны санал хураалтаас өмнө гарсан ч Н.Саркози саяхныг хүртэл зөвхөн үгүйсгэж байв. Гэсэн ч тэрбээр эцсийн шалгаруулалтаас зургаахан өдөр дутуу байхад дээрх мэдээллийг нийтэлсэн вэб сайтыг шүүхэд өгчээ. Францын “Мediapart” сайт уг мэдээллийг нийтэлсэн бөгөөд баталгаатай эх сурвалжаас үнэн мэдээлэл авсан гэж мэдэгдлээ. 
Тэдний хэлж буйгаар уг мэдээллийг Муаммар Каддафийн хоёр дахь хүү Сейф аль-Ислам баталж, Ливийн тагнуулын албаны хуучин дарга Мусса Кусса “үнэн зөв” гэж гарын үсэг зуржээ. Харин Н.Саркози “Франц 2” телевизэд ярилцлага өгөх үеэр гарын үсгийг “хуурамч”, М.Куссаг “худалч” гэж цоллосон байна. 
Ливийн барууныг дэмжсэн эрх баригчдад баригдсан Сейф аль-Ислам Николя Саркозийг өөрийнх нь эцгээс санхүүгийн дэмжлэг авсан болон зэвсгийн худалдаа зэрэг түүнтэй холбоотой бүх мэдээллийг баримттайгаар дэлгэрэнгүй илчлэхэд бэлэн байгаагаа саяхан мэдэгдсэн юм. 
Энэ үеэр аль-Ислам Ливийн агаарын хориотой бүсэд нэвтэрч, эцгийг нь дэмжигч Засгийн газрыг цэргүүдийн бааз, бэхлэлтэд цохилт өгсөн НАТО-гийн ажиллагааг Франц Улс тэргүүлэн орсонд хорсож явдгаа нуугаагүй байна. 2007 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнө Николя Саркози Францын Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Ливитэй зэвсгийн худалдаа хийж байжээ. 
Түүний хүчтэй өрсөлдөгч Франсуа Холланд энэ хэрэгтэй холбогуудан Н.Саркозийг кампанит ажлаа өндөрлүүлэх шаардсан байна. Ф.Холланд цааш нь “Сонгуулийн кампанит ажил ямар нэгэн хуурамч зүйлгүй, цэвэр, шударга явагдах ёстой” гээд өөрийнх нь намын гишүүн, Олон улсын валютын сангийн тэргүүн асан Доминик СтроссКаныг шударга бусаар ялсан шиг бусармаг өрсөлдөөнд өөрийгөө хүч үзэж байна гэжээ. 
Түүний намынхан Доминик Стросс-Каныг одоогийн Ерөнхийлөгч Николя Саркозийг ялах хамгийн өндөр магадлалтай улстөрчөөр нэрлэн, Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх гэж байжээ. Гэсэн ч Стросс-Кан хүчингийн хэрэгт холбогдож нэр хүнд нь сэвтэж, Олон улсын валютын сангийн тэргүүний албан тушаалаасаа огцорсон. 
Ф.Холланд “Стросс-Каныг би буруугүй гэдэгт итгэж байна. Шившигт энэ хэрэг түүний улстөрийн амжилтыг үгүй хийсэнд би туйлын их харамсч байна. “Меdiapart” сайтын мэдээллийг худал гэж нотлоогүй байхад хуурамч гэж мэдэгдэж болохгүй. Хэрвээ түүний хэлсэн шиг худал байх юм бол сайтыг шүүхэд өгч, шүүмжилж болно. 
Харин тийм биш бол дараа нь энэ үйлдлээ тайлбарлах ёстой” гэжээ. Ямартаа ч Францын прокурорууд уг сайтыг шалгахаар боллоо. Харин Ливийн өнөөгийн эрх баригчид Николя Саркозитай холбоотой мэдээлэл өгөхгүй гэдэг нь тодорхой байна. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)