Б.Найдалаа: Монголд жинхэнэ улс төрийн гуравдагч хүчин анх удаа төрлөө гэж итгэлтэй хэлж байгаа

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаатай ярилцлаа.


-Та сайхан шинэлэв үү. Өнгөрөгч төмөр хулгана жил танай намын хувьд хэр өнгөтэй байв. Та намын дарга байсан шүү дээ?

-Сайхан шинэллээ, сайхан шинэлэв үү. Өнгөрөгч хулгана жил Хөдөлмөрийн үндэсний намын хувьд өмнөх хичээл зүтгэлээ баталгаажуулж, олны итгэлийг бодитой үр дүн, амжилт болгосон онцгой жил байлаа. Зөв ХҮН Электорат эвслийг байгуулж УИХ, орон нутгийн сонгуульд оролцсон. УИХ-ын сонгуульд Т.Доржханд ялалт байгуулснаар Зөв ХҮН Электорат эвсэл, ХҮН УИХ-д суудалтай нам болсон.

Үүнээс гадна хамгийн гол нь, нийслэл, дүүргийн ИТХ-уудад нийтдээ 12 төлөөлөлтэй болж чадлаа. Өмнө нь УИХ-д сонгуульд дуулиантай орж суудалтай болоод дараа нь замхран алга болж байсан нам эвсэл цөөнгүй байсан, харин сум дүүрэг, нийслэлийн түвшинд өргөн хүрээтэй сонгуульд оролцож, төлөөлөлтэй болж байсан түүх байхгүй. Иймээс, Монголд жинхэнэ улс төрийн гуравдагч хүчин анх удаа төрлөө гэж итгэлтэй хэлж байгаа юм. Энэ бол иргэдийн хүсэл, нийгмийн захиалга. ХҮН-ын дэмжигчид, гишүүд эрс нэмэгдэж, ялангуяа залуус олноороо хүчээ өгөхөөр нэгдэж байна.

Залуусын хүсэл тэмүүлэл, олны итгэлийг хувийн амжилт албан тушаал болгочихгүйн тулд ХҮН дотоод чадавх, институци чанараа илүү бэхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн даргын өмч биш, мөнгөтэй хүнээс хамаардаггүй, зөв хүнээ дэвшүүлдэг, хулгайч авлигачаасаа салж чаддаг, иргэдээ сонсдог, ил тод санхүүжилттэй нам болон бэхжих. ХҮН-д өнгөрсөн онд гарсан нэг өөрчлөлт бол удирдлага, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт. УИХ-ын гишүүн Т.Доржханд намын дарга, П.Ганзориг Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Мөн 10 гаруй шинэ залуу манлайлагчид намын удирдах ажилд хүч түрэн орж ирсэн. Миний хувьд намын бодлого, дотоод ажилд түлхүү анхаарах УЗ-ийн дарга гэсэн ажилд томилогдсон. Энэ сэлгээнүүд ХҮН-ын дарга удирдлага солигдох гэхээсээ илүү намыг хөгжлийн дараагийн шатанд гаргаж байгаа үйл явц юм.

Нээлттэй амлахад, бид ХҮН-ыг олны итгэл даах, боловсон хүчин сайтай, эрүүл саруул, шинэ цагийг авчрах шинэ төрлийн улс төрийн нам институци болгон бэхжүүлнэ ээ. ХҮН албан тушаалд горилогч амбиц шуналтнуудын цуглаан биш залуусын сурч хөгжих, өөрийгөө олох, олны төлөө хүчээ өгөх эрүүл талбар байх ёстой. ХҮН Академи гэж нэрлэсэн бодлого судалгааны хүрээлэнгээрээ дамжуулан уулзалт, сургалт, хөгжүүлэлтийг тасралтгүй хийж, гишүүд, залуусаа хөгжүүлж дэмжих болно.

-Сар шинийн баяраар төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үгийг та хэрхэн дүгнэж байна?

-Цагаан сарын мэндчилгээнүүдийг үзсэн. Ерөнхийлөгч ерөөл магтаал уриалгын чанартай үг хэлсэн байсан. Энэ харин зөв юм. Монгол Улсын Ерөнхийлөгч элдэв мөнгө, эд материал амлах ёсгүй, тийм эрх үүрэг боломж ч байхгүй. Зөвхөн “сайн төр засаг”-ийг л амлах үүрэгтэй. УИХ-ын даргын үг уламжлалт, өмнө нь хэлж байснаасаа ялгаатай санагдаагүй. Харин Ерөнхий сайдын үг шинээр томилогдсон болоод ч тэр үү анхаарал татахаар байсан. Ковид нэг өрх шинжилгээ, хорио суллах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр гээд өмнөхөөс арай өөр агуулгатай, хүлээлт үүсгэхээр зүйлс мэдэгдсэн. Гол нь мэдэгдэх биш гүйцэтгэх, хэрэгжүүлэх нь л одоо чухал юм даа.

-Ерөнхийлөгчийн сонгуульд хэр бэлдэж байна. Танай намаас "Ерөнхийлөгчөө захиалъя" цахим аяныг өрнүүлсэн. Одоогоор хэдэн хүн танай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна?

-Сонгуулийн бэлтгэл ажилд орцгоосон. УИХ-д суудалтай улс төрийн хүчний хувьд Зөв ХҮН Электорат, ХҮН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ. Ерөнхийлөгч бол аль нэг нам, бүлэглэлийн биш Монгол Улсын, нийт иргэдийн Ерөнхийлөгч. Нэр дэвшигчийг нам дотроо, хэдхэн хүн хуралдаж шийдэх нь зохисгүй гэж үзсэн тул “Ерөнхийлөгчөө захиалъя” аяныг эхлүүлж байгаа. Монгол Улсын иргэн л бол хэн ч, хаана ч байсан www.zuvhun.mn хаягаар орж, дурын хүнээ нэр дэвшүүлэх боломжтой. Иргэд маш идэвхтэй оролцож, одоогоор 12,000 хүн хандаж, 130 гаруй хүнийг нэр дэвшүүлэхээр санал болгосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ийм л байгаасай, битгий ингээсэй, энэ хүн л яг тохирно доо гэсэн бодол монгол хүн бүрийн дотор байгаа. Тэгэхээр энэ завшааныг ашиглаад, олны танил болоогүй байлаа ч таны ойр тойронд байгаа хүмүүсээс нэр дэвшүүлж, санал, хүсэл зоригоо илэрхийлээрэй гэж уриалъя. Хэн ч, хэнийг ч нэр дэвшүүлж болно.

-Яагаад энэ аяныг өрнүүлэх болов?

-Сонгуулийг сонголттой болгох, иргэдийг оролцуулах. Урьд өмнөх сонгуулиуд сонголтгүй байсанд, намууд нь зөв хүмүүс дэвшүүлж чадахгүй байгаад иргэд маш их бухимддаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль сонголтгүй болж нийт саналын бараг 10 хувь цагаан сонголт өгсөн. Бүр Монголын “хамгийн худалч, хамгийн хулгайч, хамгийн авлигач” гурав нь дэвшлээ гэсэн яриа гарсан. Энэ бол намууд нь иргэдийн төлөөлөл биш болжээ, ардчилал бүрэн ажиллахгүй байна аа гэсэн үг. Иргэд дэмжигчид ч бидэн рүү байнга холбогдож "..хэнийг нэр дэвшүүлэх гэж байна гэж асууж, тэрийг энийг дэвшүүлээрэй, тэрийг болохгүй шүү" гэж захих нь олширч байгаа. Иргэд, гишүүдийн эдгээр саналыг заавал сонсож харгалзах ёстой гэж шийдсэн.

Тэгэхээр, “Ерөнхийлөгчөө захиалъя” аян бол сонгуулийг сонголттой болгох, иргэдийг санал хүсэлтийг нээлттэй авах, оролцуулах зорилготой. Энэ бас Монголын улс төрд шинэ жишиг.

-"Ерөнхийлөгчөө захиалъя" нэрийдлээр хувь хүний мэдээллийг авч байгаа нь хууль зөрчиж байна гэж үзэх хэсэг ч байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй. Хуулийн баг ажиллаж, нэгд нэгэнгүй нягталж шалгасан. Саналаа илэрхийлэхэд зөвхөн нэр, харьяа дүүрэг л асууж байгаа, регистрийн дугаар болон хувийн бусад мэдээлэл шаардлагагүй. Мөн хуурамч хаягнаас олон дахин хандаж иргэдийн саналыг бусниулахаас сэргийлэх зорилгоор и-мэйл, утсаар нь баталгаажуулж байгаа. Дээр нь, энэ мэдээллийг иргэн өөрөө зөвшөөрөн сайн дураараа оруулж байгаа тул ямар нэг асуудал байхгүй.

-Коронавирусийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Коронавирус зөвхөн Монголын биш дэлхийн эдийн засгийг хүнд байдалд оруулж байна. Улс орнууд бие биеэсээ хамааралтай харилцан нийлүүлэлтийн сүлжээ, мөнгөн урсгал тул эргэж сэргэхэд хугацаа орох нь. Гэхдээ Монголын гол харилцагч Хятадын эдийн засаг сэргэх хандлагатай, найм орчим хувиар өснө гэсэн нь сайн мэдээ. Нүүрс, зэсийн үнэ, экспорт тогтвортой байвал Монголын эдийн засаг айхавтар хүнд цохилтод орохгүй болов уу. Дэлхийн банк Монголын эдийн засгийг 2021 онд 5-6 хувь өснө гэсэн хүлээлттэй байгаа юм байна. Хамгийн санаа зовмоор хэсэг нь ажлын байрын талыг бий болгодог, нүүрс зэс, төрөөс хамааралгүй оршин тогтнож байгаа худалдаа үйлчилгээ, ЖДҮ салбар. Угаасаа ч бизнесийн орчин муутай, оновчтой дэмжлэг тааруу байсан салбар ковидын хорионы улмаас бүр хүнд байдалд орсон байгаа.

-Цаашдын гарц гаргалгааг хэрхэн харж байна?

-Эхний ээлжинд дотоодын эдийг засгийг унагаж байгаа хөл хориог зохистой хэмжээнд тавих. Асуудалд хандах арга барилаа өөрчилмөөр байна. Бидний зорилго вирусийг устгах, вирусгүй улс болох биш ковидоос хамаарсан хямралыг даван туулах, аль болох хохирол багатай тэнцвэрийг нь олж ард нь гарах гэж асуудлаа өөрөөр харж эхлэх. Зүгээр л хориод байвал удахгүй ковид биш, эдийн засгийн хямралд орж хүндэрнэ. Ажлын байр, эдийн засаг бол вирус шиг хэдхэн хоногт эдгэдэг зүйл биш.

-Эрх баригчдын коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд та ямар дүгнэлттэй байна вэ?

-Онцгой нөхцөл байдалд олон мянган албан хаагч цаг наргүй ажиллаж, болохоос болохгүй хүртэл зүтгэж байгаа тул аль болох шүүмжлэхгүй, дэмжих байр суурьтай байдаг. Гэхдээ УОК, НОК-ын удирдлагын зарим хэт сүржигнэл, байгаа онохгүй шийдэл, тодорхойгүй нөхцөл үүсгэж байгаа ойлгомжгүй тайлбар, вирусгүй л бол бусад нь хамаагүй, вирусийг хүнээс дээр үзэх, иргэдээ үл тоох, ялгаварлах хандлагыг бол хүлээн зөвшөөрөхгүй. Сэжигтэй болгоныг ХӨСҮТ рүү ачих, бүр Ховдоос хүртэл тусгай онгоцоор иргэдийг зөөх, автобусанд бөөнөөр нь олон цаг хорих шаардлага байхгүй л санагдана. Энэ бол хэт улстөржилт, намчирхлын үр дүнд улстөрчдийн мэдлэг чадвар нийгэм цаг үеэсээ хоцрогдож, төрийн алба суларсны нэг шинж гэж үзэж байна.

 

Р.ЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • erka (64.119.25.81)

    2021-02-22

    hooe ta nar bolon tanai nam nertei hedenhaltaruud um hiij chadahgui neg suudal absanda bayral oorosdiigoo 3 dahi huchin gechihjee ichij uhlee nobshoo