Ерөнхий сайд Итали, Беларусь улсын элчин сайд нарыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувиар болон УИХ дахь Монгол, Италийн найрамдлын бүлгийн гишүүний хувьд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий Итали Улсын Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буй Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт хөгжүүлэх тэр дундаа хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн чиглэлд түлхүү анхаарах сонирхолтой буйгаа талууд илэрхийллээ.

Засгийн газар хоорондын холимог комиссын гуравдугаар хуралдааныг энэ онд багтаан хийж худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах талаар үр дүнтэй яриа хэлэлцээрт хүрнэ гэж итгэж байгаагаа мөн тэмдэглэв.

Түүнчлэн амжилттай хөгжиж буй хоёр талын соёл, урлагийн  салбарын хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх, хамтарсан арга хэмжээг зохион байгуулан туршлага хуваалцахад анхаарал хандуулахаа талууд илэрхийлэв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В. Чепурнойг хүлээн авч уулзав. Уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Ялангуяа 2020 онд Минск хотноо  Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх явдал гэдгийг онцлов.  

Цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бусад улсад жишиг болохуйц гэдгийг Элчин сайд С.В.Чепурной тэмдэглэв.  

Уулзалтын үеэр гал унтраах, зам засварын болон цэвэрлэгээний автомашин, трактор, тоног төхөөрөмж, Улаанбаатар хотын орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, сүү боловсруулах үйлдвэр, ферм байгуулахтай холбоотой Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар ярилцав.

Харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн дээрх хэлэлцээрийн хүрээгээр хязгаарлалгүй, бусад салбарт ч өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)