Ж.Эрдэнэбатын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөв

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын “шүүгдэгч Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг 2021 оны 03 дугаар сарын 03-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

          Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээд байсан юм.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ж.Эрдэнэбат нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан оролцогч нарын зүгээс Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах 30 хоногийн хугацаа өнгөрөөгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

          Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгосон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйл “...Хяналтын шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах...”, 40.11 дүгээр зүйл “...Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан...”, 40.12 дугаар зүйл “...Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны шийдвэр...”-г  тус тус хүчингүй болгосон нь Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд хэргийн оролцогч нараас гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болсон.

          Өөрөөр хэлбэл 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх юм.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлэхэд тодорхой хуулийн үндэслэл дурдалгүйгээр “...Улсын Ерөнхий прокурор...”-ын газраас ирүүлсэн чиглэл гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болох нь тус дүүргийн шүүхийн шүүгчийн туслах Т.Өлзийтүвшингийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаартай “...хэрэг хүргэх тухай...” албан бичиг зэргээр тогтоогдсон байна.

          Нэгэнт шүүхээс хэрэг хүргүүлэх ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон, прокурорын байгууллагаас хэргийг хүлээн авахгүй талаараа тодорхой хууль заан үндэслэлээ тайлбарлаагүй нь хэргийг прокурорт хүргүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3 1.4, 1.5, 1.6 дахь хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна...” гэж заасан байдаг. Иймд, шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч нараас гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас гаргасан шүүгдэгч Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг бүрэн хангаж, Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, түүнийг нэн даруй суллаж, Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад хуульд заасан өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор П.Ганбаатарт даалгаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)