О.Бурмаа: Монголын бөхчүүд ямар ч орны тамирчдаас дутахгүй бяртай
- 2012-05-03
- Спорт
- 0
БНХАУ-ын Танюань хотод олимпийн эрх олгох чөлөөт бөхийн сонгон шалгаруулах III дахь шатны тэмцээн болсон. Тэмцээний сүүлийн өдөр 72 кг-ын жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин О.Бурмаа жиндээ аваргалж олимпийн эрх авсан юм. Саяхан эх орондоо түүнтэй олимпийн бэлтгэлийнх нь талаар ярилцлаа.


БНХАУ-ын Танюань хотод олимпийн эрх олгох чөлөөт бөхийн сонгон шалгаруулах III дахь шатны тэмцээн болсон. Тэмцээний сүүлийн өдөр 72 кг-ын жинд өрсөлдсөн “Хилчин” спорт хорооны бөх, Гавьяат тамирчин О.Бурмаа жиндээ аваргалж олимпийн эрх авсан юм. Саяхан эх орондоо түүнтэй олимпийн бэлтгэлийнх нь талаар ярилцлаа.

-Олимпийн эрх авсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Олимпийн эрх олгох тэмцээн болохоор тамирчин бүр л амжилт гаргахын төлөө зүтгэсэн нь лавтай. Энэ утгаараа барилдсан бөх бүр хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэмцээнд 200 гаруй орны тамирчин оролцсоноос манай улсаас 17 жинд өрсөлдсөн. Би эхний тойрогтоо 2008 оны олимпийн хүрэл медальт Польшийн бөхийг хожиж, Энэтхэгийн бөхийг ялсан. Дараа нь энэ оны Европын аварга бөхтэй шийдвэрлэх барилдааныг хийж түрүүлсэн. Аваргын барилдаанд өмнөх олимпод Украин Улсын өмнөөс оролцсон бөхтэй таарсан. Энэ тамирчин дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, туршлагатай нэгэн. Өмнөх олимпод манай улс миний жингийн эрхийг авч чадаагүй. Энэ жил жиндээ олимпийн эрх авсандаа баяртай байна.
-Зодоглосон тамирчдаас хамгийн хүчтэй нь аль орны тамирчин байсан бэ?
-Шийдвэрлэх барилдаан хийсэн бөх хүчтэй байсан.
-Дасгалжуулагч тань шийдвэрлэх тулааны үеэр хэрхэн зөвлөж байв?
-Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Сүхбаатар багш маань зөвлөсөн. Багш аваргын тулаанаас илүү олимпийн эрхийн барилдааны үеэр их зөв лөсөн. Би барилдааны эхний цагт болохоор дараагийн үедээ сайн барилдах шаардлагатай болсон. Тэгээд барилдааны үеэр багш уруугаа харахаар “Тайван тайван. Чи чадна” гэж хэлсэн. Би багшийнхаа хэлсэн энэ үгэнд урамшаад сайн барилдсан гэж бодож байна.
-Та гаргасан амжилтаараа гавьяат хэмээх эрхэм цол тэмдгийг авсан. Тэр үед багштайгаа хамт гавьяат болсон санагдаж байна?
-2009 оны есдүгээр сарын 29-ний өдөр Т.Сүхбаатар багштай хамт гавьяат цолоор шагнуулсандаа их бахархаж баярладаг.
-Энэ удаагийн олимпод эмэгтэй тамирчид багаараа оролцохоор боллоо. Өмнөх наадмуудад багаараа оролцож байсан уу?
-2004 оны олимпийн чөлөөт бөхийн төрөлд хоёр, 2008 онд гурван тамирчин оролцсон. Харин энэ удаагийн олимпод эмэгтэйчүүд бүх жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор боллоо. Одоо амжилт гаргахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийх л үлдлээ дээ.

Чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрх авсан тамирчин Д.Отгонцэцэг, О.Бурмаа, С.Бумцэрэн нар
-Та хүнд жинд барилддаг. Энэ утгаараа энэ жингийн бөхчүүд бярдах гээд байгаа харагддаг?
-Давшилт сайтай, хурдтай байхгүй бол бярдуулах гээд байдаг тал бий. Зарим бөхчүүд жингээ нэлээн хасч ордог. Харин би хасдаггүй. Монголын бөхчүүд ямар ч орны тамирчдаас дутахааргүй бяртай. Энэ нь барилдаан дээр харагддаг юм.
-Гэр бүлд тань спортын хүн бий юу?
-Ээжийн талд аймгийн цолтой бөх байсан гэж ярьдаг. Түүнээс өөр спортын хүн манай гэр бүлд байхгүй.
-Тамирчин бүр гарт орсон мэхтэй байдаг. Та ямар мэхийг илүү сайн хийдэг вэ?
-Голдуу сугадаж барилддаг. Сугадаанаасаа холбож мордох мэхийг сайн хийдэг.
-Олимпод хүч үзэх бусад орны тамирчдынхаа барилдааныг судалж байгаа юу?
-Ер нь судалгаа хийдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явахын өмнө жингийнхээ тамирчдыг судалсан. Одоо үргэлжлүүлээд барилдаантай нь танилцана даа.
-Олимп эхлэхэд 80 гаруй хоног үлдлээ. Бэлтгэлээ хаана базаах вэ?
-Спортын төв ордныхоо зааланд дасгалжуулагчынхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийнэ. Энэ сарын 10-нд спартакиад эхэлнэ. Түүний дараа “Дэлхийн цом”- ын тэмцээн Токиод болно. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн найман орны шилдэг тамирчид оролцох юм. Тиймээс тамирчид “Дэлхийн цом”-ын тэмцээнд илүү анхаарал хандуулж байгаа.
Б.СЭЛЭНГЭ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)