Н.Саркози Ф.Олланд нар халз мэтгэлцэв

Францын Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд тунаж үлдээд буй Николя Саркози, Франсуа Олланд нар сүүлийн шатны санал хураалтаас гурван өдрийн өмнө телевизийн халз мэтгэлцээнд оролцлоо. 

Францын Ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөнд тунаж үлдээд буй Николя Саркози, Франсуа Олланд нар сүүлийн шатны санал хураалтаас гурван өдрийн өмнө телевизийн халз мэтгэлцээнд оролцлоо. Тэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, сонгуулийн кампанит ажлаа эхлүүлснээс хойш анх удаа нүүр тулж ярилцсан нь энэ юм. 
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-нд болж өндөрлөсөн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүн дээр үндэслэсэн таамгаар одоогийн Ерөнхийлөгч, Ардын хөдөлгөөний холбоо намын дарга Николя Саркози, Социалист намын тэргүүн Франсуа Олландад тун бага хувиар ялагдах гэнэ. 
Эхний шатнаас Н.Саркози 27.18 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Ф.Олланд 28.63 хувийн санал авч, ялалт байгуулсан юм. 
Энэ ялалт юуг ч шийдээгүй ч 1958 оноос хойш Ерөнхийлөгч эхний шатны санал хураалтад давуу байдал тогтоогоогүй анхны тохиолдол болсон байна.
 Тиймээс улстөрийн ажиглагчид болон судалгааны төвүүдийн судалгаа Н.Саркозийн эсрэг гарч, үүнд ч олон нийт итгэж байна. Учир нь дээрх судалгааны төвүүдийн сонгуулийн эхний шатны санал хураалтын өмнө гаргасан дүн нэр дэвшигчдийн авсан саналаас зөрөөгүй юм. Тэдний нэгдсэн дүнгээр хоёр дахь шатны санал хураалтаас Н.Саркози 46.5, Ф.Олланд 53.5 хувийн санал авна. Хэрвээ судалгааны төвүүдийн тооцоо хоёр дахь удаагаа зөрөхгүй бол 50-иас дээш хувийн санал авсан Ф.Олланд Францын Ерөнхийлөгчөөр сонгогдож, Н.Саркози хоёр дахь удаагаа энэ албан тушаалд томилогдохгүй юм.
Хоёр нэр дэвшигчийн хоорондох мэтгэлцээн Францын дараагийн Ерөнхийлөгч хэн байхыг шийдэх чухал үйл явдал байв. Тиймдээ ч мэтгэлцээн халуун уур амьсгал дор гурван цаг орчим үргэлжлэв. Хэдийгээр судалгааны төв, ажиглагчдын таамаг Ф.Холландын талд байгаа ч хоёр дахь шатны санал хураалтад өрсөлдөгч нь ялалт байгуулах боломжтой гэдгийг тэрбээр ухамсарлажээ. 
Түүний хувьд халз мэтгэлцээн өрсөлдөгчөө барьж авч, унагах сайхан боломж гэдгийг тэрбээр өмнө нь нууж байгаагүй. Ф.Олланд Н.Саркозийг эртнээс “улстөрийн дуэль”-д дуудаж байсан ба унагах асуултуудаа бэлтгэсэн бололтой, боломж олдмогц л Н.Саркози уруу довтолсон асуултуудыг ээлж дараалан нүүлгэв. 
Харин Н.Саркози бүтэн цагийг энэхүү довтолгооноос хамгаалахад зарцуулжээ. Халз мэтгэлцээнийг нэр дэвшигчтэй холбоогүй “ТF1”, “France 2” телевиз хамтран зохион байгуулж, орон даяар шууд нэвтрүүлсэн бөгөөд үүний дараа дөрвөн телевиз, таван радио давтан үзүүлжээ. Албаныхны тооцоолсноор уг нэвтрүүлгийг 20 сая хүн үзсэн байна. Мэтгэлцээнийг зүүний үзэлт Ф.Олланд ерөнхийдөө залж явуулсныг дээр дурдсан. 
Мэтгэлцээн Францын эдийн засгийн бодлогын тухай эхэлж, боловсролын салбар уруу оржээ. Энэ үеэр Ф.Олланд Н.Саркозийг боловсролын салбарт 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн амлалтдаа хүрээгүй гэж шүүмжилжээ. 
Дараа нь түүний өнгөрсөн таван жилийн төлөвлөгөөг сануулсан байна. Түүнчлэн Францад ажилгүйдэл, ядуурал, цагаачид болон өр зээл нэмэгдсэнд Н.Саркозийг буруутгаж, 2025 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрээс гаргаж буй эрчим хүчийг 50 хувиар бууруулна гэсэн ажилд ахиц гараагүй гэв. 
Франц Улс ойрын ирээдүйд цөмийн эрчим хүчний үйлдвэрийг ашиглалтаас гаргахыг зорьж байгаа аж. Ф.Олланд үүний дараа Африк, Ойрхи Дорнодын орнууд дахь олон улсын энхийн сахиулах ажиллагаанд оролцож буй Францын оролцоо, тэндэх цэргүүдийг эргүүлэн татах хугацааг лавлаж, барьцаалагдсан есөн иргэнийг хэрхэн суллахыг асууж, ширүүн эхэлсэн мэтгэлцээн зөөлөрсөн, хоёр тал буулт хийсэн байдалтай өндөрлөжээ. 
Харин Н.Саркозийг Ливийн удирдагч агсан Муаммар Каддафитай холбоотой байсан талаар Ф.Олланд асуусан эсэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч энэ мэтгэлцээний дараа Ф.Олланд ялагдахгүй гэсэн албан бус дүн гарчээ. Хэрвээ Ф.Олланд ялагдахгүй бол Н.Саркози ялахгүй буй заа. Гэхдээ энэ сарын 6-ны санал хураалт эцсийн дүнг тодорхойлно. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)